Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Польш, Чех, Словак улсуудын ерөнхий сайд нар өчигдөр Киев хотод хүрэлцэн очжээ.
Тэд амь насанд нь аюул учрах эрсдэлийг үл харгалзан галт тэргээр бүслэлтэд байгаа Киев хотод очсон байна.
“Энд дайнд нэрвэгдсэн Киев хотод түүх бичигдэж байна. Энд эрх чөлөө дарангуйлагч ертөнцтэй тэмцэж байна. Энд бид бүгдийн ирээдүй шийдэгдэж байна” гэж Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий твиттер хуудсандаа бичжээ.
Польшийн ерөнхий сайд Моравецкий, Чехийн ерөнхий сайд Петр Фиала, Словакын ерөнхий сайд Янез Янша нар Европын Холбооны элч төлөөлөгч болон Киевт ирснээ мэдэгдсэн байна.
Харин Европын Холбоо тэднийг өөрсдийн хүслээр очсон гэж мэдээлжээ.
Хуучин Социалист лагерьт багтаж байсан эдгээр гурван улс одоо Европын Холбоо болон NATO-гийн аль алиных нь гишүүн юм.
Словакын ерөнхий сайд Янша айлчлалаа “Украин бол Европын нэг хэсэг, хэзээ нэг цагт Европын Холбоонд элсэнэ” гэдгийг харуулах зорилготой гэж тайлбарлажээ.
Тэрбээр твиттер хуудсандаа “Зөвхөн эх орноо төдийгүй Европын газар нутгийг хамгаалж буй та бүхэнд баярлалаа. Та бүхэн бас Европын үнэт зүйлс, бидний амьдрах арга замыг хамгаалж байгаа юм. Та бүгдийн тэмцэл бол бидний тэмцэл, бид хамтдаа ялна” гэж бичсэн байна.
Гурван ерөнхий сайдтай хамт Польшийн ерөнхийлөгч агсан Лех Качинскийн ихэр Ярослав Качинский бас Киев хотод айлчлан очжээ. Тэрбээр Польшийн эрх баригч Хууль ба Шударга ёсны намын дарга юм.
Лех Качинский дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн нууц албаныханд алагдсан Польшийн офицеруудын дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор албаны 95 хүний хамт тусгай үүргийн онгоцоор нисэж яваад 2010 онд осолдож, амь үрэгдсэн юм.
Польшийн тал уг ослыг мөрдөөд үзэгдэх орчин муу, манантай байснаас нисгэгч алдаа гаргасан гэж дүгнэж байжээ. Харин Ярослав Качинский уг ослыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин санаатай зохион байгуулсан гэж сэжиглэдгээ нуудаггүй.
2008 онд Гүрж улсад ОХУ-ын цэрэг халдан довтолж байх үед Лех Качинский тус улсын нийслэл Тбилиси хотод очиж байжээ. Тухайн үед тэр “Өнөөдөр Гүрж, маргааш Украин, нөгөөдөр Балтийн улсууд, дараа нь магадгүй миний эх орон Польшид халдах байх” гэж анхааруулж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Украины ард түмнийг дэмжиж байгаагаа харуулах зорилгоор Киев хотод гурван улсын ерөнхий сайд нар хүрэлцэн очжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27