Бямба, 2024-11-23
Хятад улс ОХУ-д зэвсэг биш, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг элчин сайд нь мэдэгджээ

Ням гарагт CBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо Вашингтонд суугаа Хятад улсын элчин сайд Чин Ган тус улсын засгийн газраас ОХУ-д үзүүлж буй тусламжийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр Бээжингийн эрх баригчид ОХУ-д зэр зэвсгийн туслалцаа үзүүлж буй гэсэн мэдээллийг “худал” болохыг мэдэгдээд харин Украины хямралын хохирогч болсон нийгмийн хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Хятад улсын зүгээс үзүүлж буй тусламжид хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, аяны хөнжил, хүүхдийн тэжээл багтаж байгаа. Бид дайн эсрэг бодлого баримталж, аль нэг талд нь зэр зэвсэг, сум илгээхгүй” гэж Чин Ган ярьжээ.

Украинд дайн эхэлсэн цагаас хойш Хятад улсын засгийн газар ОХУ-ыг буруутгахаас зайлсхийж, олон улсын эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа.

Баасан гарагт хоёр улсын төрийн тэргүүнүүд видео холбоогоор уулзах үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Оросын талд зэр зэвсгийн болон мөнгө санхүүгийн ямар нэг дэмжлэг үзүүлбэл хатуу үр дагавар амсахыг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд анхааруулсан юм.

Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэлд Бээжин санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг асуухад элчин сайд Чин “Хятад улс Оростой худалдаа, эдийн засаг, санхүү, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа хэвийн үеийнх шигээ үргэлжлүүлнэ” гэж хариулсан байна.

Чин Ган бас НҮБ-ын ерөнхий ассамблейн санал хураалтад Хятад улс Оросын эзлэн түрэмгийллийг буруутгахаас татгалзсан шийдвэрийг хамгаалж тайлбар хийжээ.

“Хятад улс өөрийн ажиглалт, дүгнэлтийг тухайн асуудлын суурь үндэслэл дээр тулгуурлан бие дааж гаргасан. Украиныг оролцуулаад дэлхийн бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх НҮБ-ын зарчмыг Хятад улс хүндэтгэдэг. Нөгөөтэйгүүр, Украин улсын түүхэнд ээдрээтэй зүйлс байгааг бид бас харж байна” гэж тэр тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press


Хятад улс ОХУ-д зэвсэг биш, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг элчин сайд нь мэдэгджээ
2022-03-21 09:26:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0