Бямба, 2024-11-23
Ялалтын баяр ба Украины дайны талаарх Төв азийн орнуудын байр суурь

Украины дайн Төв Азийн орнуудыг таагүй байдалд орууллаа. Нэг талаас Оросоос эдийн засгийн хараат байдал, нөгөө талаас олон улсын хоригт орохыг хүсэхгүй байгаагаас болж ОХУ-ыг буруушааж эсвэл илтэд дэмжихгүй байгаа юм. Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан зэрэг улсын эрх баригчид нэгэн зэрэг дайныг дэмжихгүй эсвэл эсэргүүцэхгүйгээр төвийг сахихыг хэрхэн хичээж  буй талаар ВВС онцоллоо.

КАЗАХСТАН: "ХОЁР ДАХЬ ЛУКАШЕНКО БОЛМООРГҮЙ БАЙНА"

Казахстантай хиллэдэг хамгийн том улс нь ОХУ. Оросууд Украин руу довтолсон нь тус улсыг ихээхэн түгшүүртэй болгов. Дайны долоо дахь өдөр Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстан улс төвийг сахих байр суурьтай байгааг илэрхийлж, талуудыг хэлэлцээр хийхийг уриалав. 

Гуравдугаар сарын эхээр Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд Казахстан түдгэлзсэн бөгөөд удалгүй өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлав.

 

 

КИРГИЗ: ҮЗЭЛ БОДЛЫН ЗӨРЧИЛДӨӨН

Киргизэд мөн автомашиндаа Z үсэг наасан жолооч нарт торгууль ногдуулж байна. Тус улсын Аюулгүй байдлын хороо тавдугаар сарын 9-ний баярт оролцогчдоос энэ тэмдгийг хэрэглэхгүй байхыг хүсжээ. Киргизийн эрх баригчид цэргийн парадыг цуцалсан ч дайнд үрэгдэгсдэд зориулсан "Үхэшгүй мөнхийн хороо" баярын жагсаалыг зохион байгуулахыг зөвшөөрөв.

 


 

 

 

Дайныг дэмжсэн болон эсэргүүцсэн жагсаалууд Бишкект, тэр дундаа Оросын элчин сайдын яамны ойролцоо болсон ч олон хүн оролцоогүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр эрх баригчид албан ёсны арга хэмжээнээс бусад дайнтай холбоотой үйл ажиллагааг бүрэн хоригложээ. Мөн Ерөнхийлөгч Садыр Жапаров Горькийн цэцэрлэгт хүрээлэнд тайван жагсаал зохион байгуулж болно гэж мэдэгдэв. 

Киргиз

Киргиз

Судлаач, улс төрийн шинжлэх ухааны доктор Асел Доолоткелдиева “Зөвлөлтийн дараах улс орнуудад бид үзэл бодол хоёр хуваагдаж байгааг харж байна. Нэгдүгээрт, нас.  Киргиз, Казахстанд болсон дайны эсрэг жагсаалд голдуу залуучууд оролцож байна. Харин ахмад үеийнхэн Оросын телевизийг үзээд зогсохгүй ЗСБНХУ-ыг дурсах нь олонтаа. Хоёрдугаарт, хэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг казах/киргиз эсвэл орос хэлээр үзэж байна. Гэхдээ социологийн судалгаа хийгээгүй байгаа тул энэ бол  зөвхөн ажиглалтын үр дүн юм.

 


 

 

 

Дөрөвдүгээр сарын сүүлчээр Киргизийн эрх баригчид нийгмийн идэвхтнүүдийн шахалтаар Оросын "Гармония" соёлын төвөөс зохион байгуулах ёстой байсан "Үнэний цаг" кино наадмыг цуцалжээ. Тус кино наадамд Донбассын дайны тухай Оросын кинонуудыг үзүүлэхээр төлөвлөж байв. Соёлын яам цуцлах болсон шалтгаанаа Киргизийн төвийг сахих байр суурьтай холбон тайлбарлажээ.

Киргиз, Орос улсууд эдийн засгийн холбоо (ЕАЭБ) болон цэргийн холбооны (ХАБГБ) түншүүд юм. Киргизийн нутаг дэвсгэрт Оросын цэргийн бааз байрладаг. Түүнчлэн Киргизийн зуу зуун мянган цагаач Орост ажиллаж, амьдарч, гэр лүүгээ мөнгө илгээдэг байна. 

Орос нь Киргизийн худалдааны гол түнш бөгөөд эдийн засгийн хоригт орохоос эмээж, Москваг дэмжиж буйгаа илэрхийлэх боломжгүй байгаа юм.

УЗБЕКИСТАН: ДАЙНЫГ СУРВАЛЖЛАХЫГ ХОРИГЛОВ

Узбекистан нь хөрш орнуудаасаа ялгаатай нь Оростой хамт ямар ч холбоонд нэгдэж ороогүй тул дайныг зогсоохыг уриалсан анхны улс орнуудын нэг байв. Гэвч түүний зэрэгцээ эрх баригчид орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөргөлдөөнийг мэдээлэхгүй байхыг "зөвлөв". Гэхдээ бодит байдалд зөвлөх гэхээсээ илүүтэй хориглосон гэж  тайлбарлаж болохоор байгаа юм. 

Дайн эхэлснээс хойш Узбекистан руу цагаачдын урсгал хөвөрчээ. Украины дайныг эсэргүүцсэн оросууд Узбекистан руу явцгааж эхлэв. Узбекистаны эрх баригчид программистууд болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан ажлын тусгай виз олгож, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа татварын хөнгөлөлт үзүүлэхээ амласан. Оросуудын шилжилт хөдөлгөөнөөс үүдэж Ташкент хотод түрээсийн байрны үнэ өсжээ.

5-р сарын 9-ний өдөр Узбекистанд цэргийн жагсаал зохион байгуулдаггүй байна. Энэ өдрийг тус улсад Дурсамж, хүндэтгэлийн өдөр гэж нэрлэдэг. Казахстан, Киргизээс ялгаатай нь 1941-1945 оны дайныг Аугаа эх орны дайн биш харин дэлхийн хоёрдугаар дайн гэж нэрлэдэг. Ерөнхийдөө Узбекистан хөрш орнуудтай харьцуулахад ЗХУ-ыг дурсах нь харьцангуй бага аж.

ТАЖИКИСТАН: ТАЙЛБАР ХИЙХЭЭС ТАТГАЛЗАВ

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2021 оны тавдугаар сарын 9-нд Москвад болсон цэргийн парадад оролцсон гадаадын цорын ганц удирдагч байсан бөгөөд түүнийг ХАБГБ-ын даргаар урьсан юм.

Гэвч Тажикийн эрх баригчид Украины дайны талаар тайлбар хийхээс татгалзаж байна. Киргизийн нэгэн адил тус улс цагаачид болон цэргийн баазуудын хувьд Оросоос хамааралтай ажээ. Тажикистаны нутаг дэвсгэрт хоёр ч цэргийн бааз байдаг. Тус улсын эрх баригчид мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Украинд болж буй үйл явдлыг сурвалжлахгүй байхыг "зөвлөв". 

ТУРКМЕНИСТАН: ПУТИНЭЭС УРИЛГА ИРСЭН

Туркменистан дайны тухай НҮБ-ын санал хураалтад оролцоогүй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов (Удаан хугацаанд төрийн эрх барьсан Ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедовын хүү) ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг төгссөн бөгөөд түүнийг Оросыг дэмжигч байр суурь баримтална гэж ажиглагчид таамаглаж байсан. Дайн эхэлсний дараа буюу улс орнуудын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн үеэр бага Бердымухамедов Владимир Путинтэй утсаар ярьж, Орост айлчлах урилгыг нь хүлээн авчээ.

Төрийн хяналтад бүрэн орсон Туркмений хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украины дайныг мэдээлдэггүй байна. Тус улсын хаалттай байдлаас шалтгаалан нутгийн иргэд дайны талаар мэдэх бараг боломжгүй байгаа юм.

Тавдугаар сарын 9-нд Туркменистан ихэвчлэн цэргийн парад зохион байгуулдаггүй юм байна. Харин 2020 оны ялалтын 75 жилийн ойд зориулан парад зохион байгуулсныг төрийн агентлагийн тайланд дурджээ.

Эх сурвалж: ВВС


Ялалтын баяр ба Украины дайны талаарх Төв азийн орнуудын байр суурь
2022-05-10 13:22:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0