ВАШИНГТОН. /Kyodo/. БНАСАУ цөмийн туршилт хэзээ ч явуулж болзошгүй байгаа талаар БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким мягмар гарагт мэдээлээд, Вашингтон ийм өдөөн хатгалгад Азийн хоёр холбоотонтойгоо “маш нягт” уялдаа холбоотойгоор хариу өгөх болно гэж хэлсэн байна.
Гэхдээ АНУ-ын Засгийн газар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд БНАСАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэхэд нээлттэй хэвээр байгааг мөн мэдэгджээ. Түүний мэдээлснээр, БНАСАУ Пунгери цөмийн туршилтын талбайд бэлтгэлээ хийсэн нь илэрхий байгаа бөгөөд туршилт хэзээ ч болж магадгүй байна.
БНАСАУ өнгөрсөн ням гарагт найман баллистик пуужин харвасан нь нэг өдөрт хамгийн олон баллистик пуужин туршсан тохиолдол болжээ. Мөн тус улс энэ он гарсаар 31 баллистик пуужин харваснаар нэг жилд хамгийн олон ийм пуужин харвасан 2019 оны дээд үзүүлэлтийг /25/ шинэчлээд байгааг Сун Ким онцлоод, одоо дөнгөж зургаадугаар сар эхэлж байгааг нэмж хэлжээ.
Э.Хулан
Хойд Солонгос цөмийн туршилт хэзээ ч явуулж болзошгүй байна |
|