Чехийн нийслэл Прага хотод хуралдсан Европын Холбооны орнуудын гадаад хэргийн сайд нар Оросын иргэдэд виз олгох журмаа чангатгахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл Оросын иргэд Европын Холбооны гишүүн орнуудын визийг авахад улам хэцүү, өндөр өртөгтэй, хүнд сурталтай, хариуг нь удаан хүлээдэг болж байгаа юм.
Украин болон бусад орнууд бүрэн хориг тавих санал гаргасан ч Франц, Герман улсууд энэ саналыг эсэргүүцсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын нэг сая гаруй иргэн Европын Холбооны орнуудад зорчжээ.
Оростой хил залгадаг Зүүн Европын хэд хэдэн орон тус тусдаа нэмэлт арга хэмжээ авахаар болсон байна.
ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Глушко “хөл рүүгээ буудсантай” адил шийдвэр гаргасан Европын Холбоог шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Харин Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба шийдвэрийг “дутуудсан” хэмээн шүүмжилсэн байна.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел хэлэхдээ Оросын иргэд хилээр нэвтрэх явдал ихээр нэмэгдсэн нь виз хөнгөвчлөх хэлэлцээрээ цуцлах үндэслэл болсныг тайлбарлажээ.
“Хөрш орнуудын аюулгүй байдлын эрсдлийг энэ нь нэмэгдүүлж байна. Үүнээс гадна Оросын иргэд Украинд дайн болоогүй юм шиг амарч зугаалж, дэлгүүр хэсэж байгаа нь ингэх үндэслэл боллоо” гэж тэр хэлсэн байна.
Оростой хил залгадаг орнууд визтэй хүмүүсийг ч нэвтрүүлэхгүй байх эрхтэйг Боррел тайлбарлажээ.
Гэхдээ дайныг эсэргүүцэгчид болон Оросын иргэний нийгмийн төлөөлөгчдөд уян хатан хандахыг тэдгээр орнуудад уриалсан байна.
ОХУ-тай хил залгадаг Европын Холбооны таван улс болох Финланд, Эстони, Латви, Литва, Польш өчигдөр тусдаа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Оросын иргэдэд виз олгохоо түр зогсоох, хязгаарлах хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ.
Тухайлбал Эстони улс ойрын үед Оросын ихэнх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болох гэж байгааг тус улсын гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу хэвлэлд ярьсан байна.
Оросын 12 сая иргэнд виз олгосон нь тус улсын хүн амын 8 орчим хувь болж буй тул Европын Холбоо нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг гэж үзэж байгаагаа Чех улсын гадаад хэргийн сайд Ян Липавски илэрхийлжээ.
Харин Франц, Германы гадаад хэргийн сайд нар “визийн хоригийг хэтрүүлбэл” Оросын ирээдүй хойч үеийнхэнд сөрөг нөлөөтэйг хамтарсан мэдэгдэлдээ анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC
Оросын иргэдэд виз олгох журмаа Европын Холбоо чангатгалаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27