Нидерландын биологичид могойн үүдэл эснээс энэ амьтны хор ялгаруулдаг булчирхайн хувилбарыг ургуулжээ. Ийм булчирхай ургуулснаар шинэ эм бэлдмэлүүд, хорын шинэ ерөндөг гарган авахад ихээхэн тус дөхөм болно гэж эрдэмтэд бичсэнийг шинжлэх ухааны Cell сэтгүүлд нийтэлсэн байна.
“Могойд хатгуулсны улмаас жил бүр зуун мянга гаруй хүн амиа алддаг бөгөөд ийм тохиолдлуудын дийлэнх нь хөгжиж буй орнуудад гардаг. Үүний зэрэгцээ хор дарах эмийн үйлдвэрлэлийн технологи XIX зууны үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Утрехтийн их сургуулийн молекулын биологич Ханс Клеверс ярьжээ.
Маш олон төрлийн мөөг, могой, загас, нянгийн хорыг одоо янз бүрийн эмийн найрлагад, лабораторийн судалгаанд болон өөр янз бүрийн зорилгоор идэвхтэй ашиглаж байгаа билээ. Жишээлбэл, хэдэн жилийн өмнө Францын биологичид хар мамба могойн хорыг донтолт үүсгэдэггүй маш үр дүнтэй, өвчин намдаах эм гарган авахад ашигласан байна.
Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ |
|