Германд шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол даваа гарагийн орой бүртгэгдсэн талаар тус улсын Бавариа мужийн эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлжээ.
“Мюнхен хотоос баруун өмнөд зүгт 30 гаруй километр зайд оршдог Старнберг хотын оршин суугч коронавирусээр халдварласан” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Бавариа мужийн Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газрын мэдээлснээр, өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад оруулан тусгаарлаад байгаа ажээ. Мөн түүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоосон байна.
"Бавариа мужийн хүн ам коронавирусээр халдварлах эрсдэл бага байна" гэж тус мужийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн мэргэжилтнүүд үзжээ.
Хятадын төв нутгийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ вирус нь уушгины хатгалгаатай төстэй амьсгалын замын халдварыг үүсгэдэг бөгөөд уг өвчний улмаас Хятадад 100 гаруй хүн нас барсан байна.
Мөн БНСУ, Тайвань, Тайланд, Балба, Вьетнам, Саудын Араб, Сингапур, АНУ, Франц, Австралид коранавирусний халдвар бүртгэгджээ.
Герман тэргүүтэй олон улс орны Засгийн газар коронавирусний халдварын тархалтын голомтоос иргэдээ эх орондоо эргүүлэн авчрах чиглэлд ажиллаж байна.
Германд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ |
|