Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт болон бусад найман хүнийг тээвэрлэж яваад осолдсон нисдэг тэрэг дуу хоолой бичих, дата цуглуулах "Хар хайрцаг"-аар тоноглогдоогүй байсан талаар АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар мэдээллээ.
"Манан ихтэй байсан учраас нисгэгч үзэгдэх орчин халхлагдаж, үүлэн давхаргад орохоос зайлсхийж, дээш хөөрөх зөвшөөрөл хүссэн. Гэхдээ доогуур эргээд, толгод мөргөсөн" гэж осол болсноос хойших анхны албан мэдэгдэлд дурджээ. Мөн Агаарын хяналтын газраас нисгэгчийг ямар үйлдэл хийхээр төлөвлөж байгааг нь эргүүлэн асуухад, ямар нэг хариу өгөөгүй байна. Нисдэг тэрэг осолдсоны дараа их биеийн хэсгүүд нь 150-180 метр газарт шидэгдсэн байна.
Ослын улмаас орон нутгийн цагаар мягмар гарагт “Staples Center” ордонд болох хуваарьтай байсан “Los Angeles Lakers” болон “Los Angeles Clippers” багуудын тоглолтыг “NBA”-ийн зүгээс хойшлуулсан байна. Энэхүү шийдвэр нь Коби Брайант болон түүний охин Жианна, амиа алдсан бусад долоон хүний дурсгалыг хүндэтгэж, “Los Angeles Lakers” багийн тоглогч, албаныхан, нийт ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Б.Ариунболд
Эх сурвалж: Bloomberg.mn
Коби Брайнтын сууж явсан нисдэг тэрэг "хар хайрцаг"-гүй байжээ |
|