Дэлхийн зах зээлд 2019 онд алтан эдлэлийн эрэлт өмнөх оныхтой харьцуулахад 6 хувиар буурч, 2.107 мянган тонн болсон тухай Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council, WGC/ тайлан мэдээнд дурдсан байна.
2019 оны дөрөвдүгээр улиралд энэ үзүүлэлт 584.5 тонн болж, 2018 оны мөн үеийнхээс 10 хувиар буурчээ. Үнэт эдлэл, түүнчлэн алтан гулдмайн эрэлт буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас 12 дугаар сард алтны эрэлт буурахад нөлөөлсөн гэж “WGC”-ийн мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дэлхийн зах зээлд алтны эрэлт өмнөх оныхоос 19 хувиар буурч, 1.045 мянган тонн болсон бол хэрэглээний нийт эрэлт жилийн дундаж үзүүлэлтээр 825 тонн болж, 11.4 хувиар буурчээ.
Өнгөрсөн оны 10-12 дугаар сард алтны дундаж үнэ нэг унци нь 1.481 мянган ам.доллар байсан нь 2013 оны нэгдүгээр улирлаас хойших улирлын хамгийн дээд үзүүлэлт юм. “Алтны үнэ евро, Энэтхэгийн рупи, Туркийн лир зэрэг янз бүрийн валютаар түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн” гэж тайлан мэдээнд тэмдэглэсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, алтны үнийн түвшин болон хэлбэлзэл нь 2020 онд хэрэглээний эрэлтэд нөлөөлсөн хэвээр байна. “Хятадад үнэт эдлэл үйлдвэрлэгчид янз бүрийн насны хэрэглэгчдийг татах шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсээр байх бөгөөд энэ нь эрэлтийг дэмжихэд туслах ёстой. Алтан эдлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Энэтхэгийн зах зээлд тэмдэглэгээ заавал тавьдаг болсон” гэж “WGC”-ийн шинжээч Льюис Стрит яриад, судалгаанаас харахад энэ салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх аливаа алхам нь алтны эрэлтэд эерэгээр нөлөөлөх ёстой гэж онцлон хэлжээ.
Дэлхийн үнэт эдлэлийн эрэлт өнгөрсөн онд буурсан үзүүлэлтэй гарчээ |
|