Баасан, 2024-11-22
Оросын дайны суртал ухуулагч Санкт-Петербургийн кафед болсон дэлбэрэлтэд өртөн амиа алджээ

Оросын Украины эсрэг дайны суртал ухуулагчаар идэвхтэй ажиллаж байсан блогчин Владлен Татарский Санкт-Петербург хотын нэгэн кафед болсон дэлбэрэлтийн улмаас амиа алджээ.

Дэлбэрэлт "Стрит Фүүд баар №1"  кафед болсон байна. Тухайн үед Владлен Татарский (жинхэнэ нэр нь Максим Фомин) уран бүтээлийн үдэшт оролцож байжээ. Дэлбэрэлт болсны дараа түүнийг эрчимт эмчилгээнд хүргэсэн боловч удалгүй амиа алдсан байна.

Ням гарагт орон нутгийн цагаар 18:50 цагийн орчимд Санкт-Петербург хотын төвд дэлбэрэлт болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Хожим нь энэ үйл явдлыг Санкт-Петербург хот дахь Дотоод хэргийн яамны Ерөнхий газраас баталсан байна.

"18.13 цагийн үед Василеостровский дүүргийн цагдаагийн газар Университетская далан, 25-р байрны кафед дэлбэрэлт болсон тухай дуудлага ирсэн. Ослын улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд энэ нь дайны сурвалжлагч Владлен Татарский болох нь тогтоогдлоо" гэж цагдаа нар мэдэгдэлдээ дурджээ.

Дэлбэрэлтийн улмаас 30 хүн шархадсаны 24 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний зургаагийнх нь биеийн байдал хүнд байна гэж Оросын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

"Фонтанка" хэвлэлийн мэдээлснээр, нэгэн эмэгтэй Владлен Татарскийд баримал бэлэглэсний дараа дэлбэрэлт болсон гэж гэрчүүд сурвалжлагчид ярьжээ. Энэ нь Татарскийн цэргийн дуулгатай цээж баримал байсан аж.

Зочин эмэгтэй өөрийгөө зураач Настя гэж танилцуулсан бөгөөд ширээнд ганцаараа сууж байсан гэж гэрчүүд ярьсан байна. Эмэгтэй хувцасны шүүгээнээс том хайрцаг авчирч ирсэн бөгөөд дотор нь "алтадмал зүйл" байсан гэнэ. Татарский бэлгийг хүлээн авсан бол эмэгтэй байрандаа буцаад сууснаас гурван минутын дараа дэлбэрэлт болсон гэв.  Цагдаа нар тухайн эмэгтэйг хайж байна гэж "Фонтанка" хэвлэл мэдээлсэн байна.

Түүнээс гадна тэсрэх бөмбөгийг кафед урьдчилан тавьсан байж болзошгүй гэсэн хувилбар мөн яригдаж байгаа аж.

40 настай байсан Владлен Татарский нь Telegram сувагтаа хагас сая гаруй дагагчтай алдартай Z-блогер юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр блогчин Татарскийг Кремльд урьсан бөгөөд тэрээр Кремлийн үйл ажиллагааг дэмжсэн уриалгууд бичиж, "Бид бүгдийг ялна, бүгдийг нь ална, хэрэгтэй бүхнээ дээрэмдэнэ. Бүх зүйл бидний хүссэнээр болно. Бид бурхантай хамт" гэх мэт үгс бичиж байжээ.

Оросын бусад алдартай блогчид, төрийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдээс ялгаатай нь Татарский 2014 оноос хойш зүүн Украин дахь тулалдаанд зэвсэг барин оролцож байсан аж. Татарскийн хэлснээр, мөргөлдөөн эхлэх үед тэрээр Украины иргэн байсан бөгөөд банк дээрэмдсэн хэргээр Донецк мужийн нутаг дэвсгэр дэх хорих газар ял эдэлж байжээ.

Эх сурвалж: ВВС


Оросын дайны суртал ухуулагч Санкт-Петербургийн кафед болсон дэлбэрэлтэд өртөн амиа алджээ
2023-04-03 12:21:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0