Баасан, 2024-11-22
Хятадын цөмийн хошуунаас АНУ эмээж байна

Хятад улс цөмийн зэвсгээ урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлж, АНУ-тай ирээдүйд гарах аливаа зөрчилдөөнд бэлдэж байна гэж шинжээчид үзэж байна. “SIPRI” судалгааны төвийн тооцоолсноор Хятадад 350 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа бөгөөд энэ нь АНУ, Оростой харьцуулахад цөөн.

Гэхдээ цэнэгтэй хошууны тоог ирэх 2035 он гэхэд 1500 ширхэгт хүргэж болзошгүй гэж Пентагон өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн.

Энэ талаар Америкийн Эрдэмтдийн холбооны Мэтт Корда хэлэхдээ "Хятад улс аюулгүй байдлаа хэдхэн зуун цөмийн зэвсгээр ханахаа больсон бололтой" гэж мэдэгджээ.

Хятад улс 1964 онд анхны цөмийн туршилтаа хийснээс хойш цөмийн цэнэгтэй хошууны тоогоо даруухан хэмжээнд барьж ирсэн бөгөөд аливаа зөрчилд түрүүлж атомын бөмбөг хаяхгүй гэх байр суурийг илэрхийлдэг байв. Гэвч Ши Жиньпин Хятадын цэрэг армийн өргөн хүрээтэй шинэчлэлтийг эхлүүлснээр мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ амжилтгүй болбол эсрэг довтолгоон хийх боломжтой байхаар цөмийн зэвсгээ сайжруулж эхэлсэн.

АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн туслах профессор Дэвид Логан хэлэхдээ, "Хятад улс цөмийн зэвсгээ өргөжүүлэх, шинэчлэх түүхэн ажлыг хийж байна" гэж мэдэгдсэн. Тодруулбал, энэ нь байлдааны цөмийн хошууны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна пуужин, нисэх болон шумбагч онгоц зэргийг цогцоор нь  сайжруулах явдал юм. “MIT”-ийн Олон улсын судалгааны төвийн ерөнхий судлаач Эрик Хегинботам "Ши Жиньпин Хятад улсыг цөмийн хариу арга хэмжээ авах чадвартай улсаас дэлхийн гурав дахь том цөмийн гүрэн болгох зорилттой" гэж мэдээлэв. Мөн энэ нь түүхэнд анх удаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд нэг биш, харин хоёр боломжит цөмийн өрсөлдөгчөө авч үзэх шаардлагатай болж байгаа бөгөөд энэ нь цөмийн төлөвлөлт, тогтвортой байдалд том нөлөө үзүүлэх болно” гэж мэдэгджээ.

Пентагоноос өнгөрсөн жил мэдээлснээр, Хятад улс тив алгасах баллистик пуужин хөөргөх байгууламжуудыг идэвхтэй байгуулж байгаа бөгөөд нийтдээ 300 гаруй пуужинтай гэв.

Харин Хятад улсын зүгээс "үндэсний аюулгүй байдалд шаардлагатай цөмийн зэвсгээ хамгийн доод түвшинд байлгаж буйгаа онцолжээ.

Ши Жиньпин өнгөрсөн сард Оросын удирдагч Владимир Путинтэй хийсэн хамтарсан мэдэгдэлдээ цөмийн дайныг "хэзээ ч эхлүүлэх ёсгүй" гэж хэлсэн. Хятадын мэдээлэл олон нийтэд нээлттэй биш ч Цөмийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын тооцоогоор Бээжин 2021 онд цөмийн хөтөлбөртөө 11.7 тэрбум ам.доллар зарцуулсан нь АНУ-тай харьцуулбал гурав дахин бага байна.

Хятад улс цөмийн зэвсгийнхээ нөөцийг хурдацтай бүрдүүлэхэд тодорхой саад бий гэж шинжээчид үзэж байгаа. Энэ нь үндсэндээ байлдааны цөмийн хошууг бүтээхэд шаардлагатай задрах материалыг үйлдвэрлэх боломж Хятадад хязгаарлагдмал байдаг гэнэ. Гэхдээ энэ тал дээр ОХУ-аас тусламж авах бүрэн боломжтой. Тодруулбал, өнгөрсөн удаагийн Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Путин, Ши Жиньпин нар цөмийн хамтын ажиллагаагаа алхам ахиулахаар тохиролцсон.

Үүний дагуу Оросын цөмийн энергийн тэргүүлэх албаныхан Хятадын талд цөмийн тогоонуудыг хурдан хугацаанд барьж босгоход туслахаар болжээ. Ингэснээр задрах материалыг илүү хурдан үйлдвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Хэдийгээр Бээжин хамтын ажиллагааны гэрээгээ иргэний зориулалттай гэж мэтгэж байгаа ч мэргэжилтнүүд үүнийг цөмийн цэнэгт хошууны нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж үзжээ. Тухайлбал, "Хятад улс Оросоос нийлүүлж буй түлшийг ашиглан шинээр байгуулах реакторуудынхаа тусламжтайгаар плутонийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлэх техникийн боломжтой" гэж Корда мэдэгджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад цөмийн зэвсгээ эрс сайжруулснаар, Тайвань эсвэл маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд давуу байр суурьтай болох юм. Хятад улс нь Тайванийг өөртөө эргэн нэгтгэхийн тулд цэрэг ашиглахаас буцахгүй гэх байр суурийг хоёр талын хооронд зөрчил хурцдах үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай хэдэн арлуудын асуудлаас болж хөрш орнуудтайгаа үе үе зөрчилдөж, нөхцөл байдал хурцаддаг.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE-FRANCE PRESSE


Хятадын цөмийн хошуунаас АНУ эмээж байна
2023-04-28 11:14:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0