Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны хоёрдугаар сарын сүүлээр 40 орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нарт урилга илгээж, Улаанбаатар хотноо ирэх зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд болох олон улсын хуралд урьсан. Тэгвэл Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйд урилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард илгээсэн бөгөөд хуралд оролцох эсэхэд Пёньян хараахан хариу ирүүлээгүй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү хурал нь Монголын гадаад бодлогын хүрээлэлд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж буйг тэмдэглэх зорилготой аж. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын бага хурлыг 2018 оноос хойш илүү албан ёсны уулзалт хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Тодруулбал, 2018 оны есдүгээр сард Канад болон Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч нар анх удаа дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг зохион байгуулж, 17 орноос төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсын тухайд анх 1998 онд Гадаад харилцааны сайдаар эмэгтэй хүнийг томилсон. Үүнээс хойш Б.Батцэцэгийг оролцуулаад Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар гурван эмэгтэй ажиллажээ. Харин 2001 онд Монгол Улсаас Бельги улсад суух Элчин сайдаар анх удаа эмэгтэй хүнийг томилсон байна.
Чой Сон Хуй 2022 оны зургадугаар сард Хойд Солонгосын анхны Гадаад хэргийн сайд болсон. Харин Өмнөд Солонгос улс 2017 онд анх удаа Гадаад хэргийн сайдаар эмэгтэй хүнийг томилж байв.
Үүний зэрэгцээ Чой Сон Хуйн айлчлалтай холбоотойгоор Монгол Улсад хууль бусаар хил нэвтэрсэн Хойд Солонгосын дөрвөн дүрвэгчийг баривчилсан гэх таамаглалыг Хятад-Төв Азийн харилцааны мэргэжилтэн Энтони Ринна "NK News" агентлагт мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын хил зөрчигч нартай холбоотой тэр бүр хийгээд байдаггүй мэдэгдлийг хийсэн. Тодруулбал, "Энэ сарын 10-ны өдөр Хойд Солонгосын дөрвөн иргэн Хятадаас Монгол Улс руу хууль бусаар нэвтэрснийг илрүүллээ. Эдгээр хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэж Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Гэвч уг хэвлэлийн мэдээг дараа нь устгасан байна.
Энэ жил Монгол-Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйтай холбоотой Чой Сон Хуй Улаанбаатарт айлчлах гэж буй учраас Хил хамгаалах ерөнхий газраас дээрх баривчилгааг нийтэд зарласан гэж Энтони Ринна дүгнэжээ.
Монгол Улс өмнө нь дүрвэгсдийг Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд очиж, Сөүл рүү илгээх хүсэлт гаргахыг зөвшөөрсөн ч энэ удаад ийм зүйл болох эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улс нь Хойд Солонгосын иргэдтэй хэрхэн харьцах нь тодорхойгүй байдаг бөгөөд заримдаа тэднийг эх оронд нь буцаахыг сонгодог.
ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT, NK NEWS
Пёньяны Гадаад хэргийн сайд ирэх сард Монголд айлчлах уу? |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31