Ням, 2024-11-24
Путины Хар тэнгис дэх тансаг хоргодох байр

Хар тэнгис дэх Путины ордонд хүний хүсч болох тансаг бүхэн бий. Энэхүү ордон нь 190 мянган метр квадрат талбайтай бөгөөд өөрийн гэсэн сүмтэй, дарсны зоорь, цэцэрлэгт хүрээлэн, хоккейн талбай, тэр бүү хэл казинотой. Нислэгийн хориотой бүсэд оршдог уг ордны харуул хамгаалалт мэдээж маш чанга.

Гэвч чанга хамгаалалт байлаа гээд ордны барилгачид зарим нэг нарийн ширийн зүйлийг анзааргагүй орхижээ. Тодруулбал, барилгачид ордны доорх хоёр нарийн хонгилыг харуулсан зураг төслийг аль 2010 онд олон нийтийн сүлжээнд байршуулсан. Диаграммуудыг 2016 оны сүүлээр нээлттэй үзэх боломжтой болсон байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт "Insider" цахим хуудас уг диаграммуудын тайлбартай хувилбаруудыг англи хэл дээрх орчуулгатай нь нийтэлжээ. 

Путины ордны доорх цогцолбор нь 50 метрийн гүнд оршино. Архитектурын зургаас харвал тэрхүү бетон хонгилуудын цэвэр ус, агааржуулалтыг хангалттай, бүрэн шийджээ. Хонгилд галын систем, ус, бохирын шугам гээд бүх зүйл байгааг мэргэжлийн хүн хэлсэн байна. Мэдээж энэ нь хэн нэгнийг амь хоргодоход юм уу зугтахад зориулагдсан. Нууц хонгилуудын гарц нь далайн эргээс дээш өргөгдсөн нүцгэн хадан дээр харагдаж байна. 

Хонгилуудын зургийг нягталж үзсэн шинжээч Путины амьд үлдэх гэсэн хүсэл тэмүүллийн шинж тэмдгийг олж харсан байна. Тодруулбал, АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Майкл К.Киммэйж хэлэхдээ "Путин хүлээн зөвшөөрөгдөөгүй хууль ёсны бус удирдагч байхаас маш их айдаг. Түүний аюулгүй байдлыг сонгууль бүрэн баталгаажуулж чадахгүй гэдгийг тэр мэддэг тул маш сайн хамгаалалттай хувийн орон сууцаар дамжуулан аюулгүй байдлаа дээд зэргээр нэмэгдүүлэхийг хичээдэг" гэв. 

Цөмийн зэвсэгтэй орнуудын бүх удирдагч гэнэтийн нөхцөл байдлын талаар төлөвлөгөө гаргадаг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн хоргодох байрууд нэг нь Цагаан ордны доор, нөгөө нь Виржиниа мужид байдаг аж.

Гэхдээ Хар тэнгис дэх Путин цогцолбор хувийн хөрөнгө оруулалттай, хувийн өмч гэдгээрээ АНУ-ынхаас ялгаатай. Тиймээс Оросын удирдагч аюул заналхийлэлд хэр удаан хугацаанд бэлтгэж байсныг энэ нь нотолно. Путины амьдралын сүүлийн 13, 14 жилийн хугацаа буюу түүний барууны орнуудтай хийсэн урт хугацааны сөргөлдөөний нэг хэсэг нь Хар тэнгис дэх нууц ордон болох юм. 

Хоёр хонгил нь ойролцоогоор 40 ба 60 метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй. Нийтдээ 6500 метр квадрат орчим талбайтай юм. Мөн тэсэлгээний хамгаалалттай гэдгээрээ онцлог. Хонгилын бетон бүрхүүлийг хэрхэн бэхжүүлсэн болон эргэн тойрны талбайн дүүргэлтэд ашигласан материалаас цөмийн дэлбэрэлт, тэсрэх бөмбөгт тэсвэртэй эсэх нь хамаарна.

Хонгилын хананд 30 гаруй см өргөнтэй кабелийн шугам суурилуулжээ. Үүгээр дамжуулан хонгилыг шаардлагатай гэрэлтүүлэг, цахилгаанаар хангана. Ер нь бол харилцаа холбоо, гэрэлтүүлэг, эрчим хүч гэх мэт кабелиар дамждаг бүх зүйл байх боломжтой гэж мэргэжлийн хүн хэллээ. Мөн хонгилын төгсгөл хэсгийн бүтцээс харахад янз бүрийн ачаа, хангамж буулгадаг байж болзошгүй.

Ордны зураг төслийг гаргасан Метро Стиль компани диаграммуудыг цахим хуудсанд нийтлэхдээ Путинд зориулж барьсан гэж тухайлан дурдаагүй байна. Харин оронд нь Краснодар хязгаарын Геленджик хотод байрлах дотуур байрны газар доорх байгууламжийн цогцолбор нэрлэж байв. Геленджик нь ордны цогцолборт хамгийн ойр байрлах хот бөгөөд Сочигоос таван цагийн зайтай байдаг. Путин ч Хар тэнгис дэх ордныг эзэмшдэг гэдгээ үгүйсгэж байсан.

Метро Стиль компанийг 1990-ээд онд гурван залуу үүсгэн байгуулжээ. Тус компанийг өмнө нь ОХУ-ын засгийн газар Москвагийн доогуур метроны хонгил ухуулах ажилд хөлсөлж байсан. 

"Оросын түүхэнд 1917, 1991 онууд бол томоохон шилжилт хийсэн үеүд. Энэ үед нийслэл хотын статус болон удирдагчийн байр суурь зэрэг нь томоохон асуудал байсан. Тиймээс Путин төвөөс аль болох алслагдсан орон сууцны сүлжээг бий болгох замаар гэнэтийн таагүй явдлаас зайлсхийхийг хичээж байна. Хар тэнгисийн цогцолбор доорх хонгилын систем нь маш их ач холбогдолтой юм. Идэвхтэй аюул заналхийлээгүй байсан ч тэр санаа зовсоор л байх болно" гэж АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Киммаж хэллээ. 

Хонгилд цэвэр буюу шүүсэн агаар хүргэх зориулалттай зургаан тусдаа агааржуулалтын босоо ам бий. Олон тооны агааржуулалтын ам болон хоёр тусдаа хонгил байгаа учир ордныг бүхэлд нь агааргүй болгоход хэцүү гэсэн үг. Олон тооны кабелийн суваг ч үүнтэй ижил зорилготой байж болно. Хэрэв ямар нэг халдлага боллоо гэхэд Путинд агааржуулалтын өөр өөр эх үүсвэр бий гэсэн үг юм.

Диаграммуудыг анх нэрээ нууцалсан эх сурвалж "Insider"-т өгсөн бөгөөд тэр өөрийгөө "Зе сект" бүлэглэлтэй холбоотой гэсэн байна. Тус эх сурвалж цахим шуудангаар диаграммуудыг илгээхдээ "Бид Путины тэнэг царайнаас залхсан бөгөөд түүний газар доорх гаж байгууламжийг харуулахыг хүсч байна" гэжээ. Харин дараагийн удаад нь дүрсээ харж ярилцсан бөгөөд "Бид дэглэмийг төгсгөл болгохын тулд ярьж байна" гэжээ. 

"Путин 10 гаруй жилийн өмнөөс л хоргодох байр бэлтгэж эхэлсэн нь барууныхантай орших, эс оршихуйн зөрчилдөөн гарах магадлалтай гэдэгт эртнээс анхаарал хандуулсныг нь илтгэнэ. Путин галт уулын орой дээр зогсож байгаагаа мэднэ. Тэр чинь ач зээ нартай хүн, тийм амар цөмийн мөргөлдөөн дэгдээхгүй. Гэхдээ л тэр удаан хугацаанд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Хар тэнгис дэх ордон, нууц хонгилууд нь үүний нэг илрэл юм" гэж Төрийн департаментын ажилтан асан Киммаж хэллээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER


Путины Хар тэнгис дэх тансаг хоргодох байр
2023-05-24 10:27:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0