Ням, 2024-11-24
АНУ: БНХАУ-тай хэлэлцээ хийх нь “хямрал сөргөлдөөнөөс” сэргийлэх гол нөхцөл

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин цэргийн хямрал сөргөлдөөнийг зохицуулахад Хятад улс оролцох хүсэлгүй байгаад гүнээ сэтгэл зовниж байна гэж мэдэгджээ. Остин мөн, яриа хэлэлцээ хийхийг хямралаас зайлсхийх гол арга зам хэмээн анхааруулсан байна. Сингапурт болж байгаа “Шангли-Ла-гийн яриа хэлэлцээ” чуулга уулзалт дээр Остин ийм байр суурь илэрхийлсний хариуд Хятадын албаныхан харин, эрс буруутгасан мэдэгдлүүд хийжээ. 

АНУ, Хятадын батлан хамгаалахын болоод цэргийн эрх баригчид хооронд шууд харилцааны сувгаа нээлттэй байлгах нь Ази Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг сахиулж, хямралаас зайлсхийхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл гэдгийг Остин мөн тэмдэглэн хэлжээ. АНУ-ын сайд үүгээрээ “олон улсын агаарын орон зайд хууль ёсны дагуу нислэг үйлдэж байгаа АНУ болоод холбоотнуудынх нь онгоцуудын эсрэг” Хятадын онгоцуудын үйлдэж байгаа “эрсдэлтэй маневр үйлдлүүдийг” цохон хэлсэн юм байна. Тодруулбал, Хятадын "J-16″ сөнөөгч онгоц тавдугаар сарын 26-ны өдөр америкийн агаарын цэргийн хүчний тагнуулын онгоцны урдхан талд гэнэт асар өндөр хурдаар дүүлэн орж ирснээс америкийн онгоц маневр хийж замаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн тохиолдол гарсан юм.

Тайваний бүрэн эрхт байдлаас авхуулаад Өмнөд Хятадын тэнгис дэх усан орон зайн маргаан зэрэг бүх асуудлаар Хятад, АНУ хоёр хоорондоо гүнзгий зөрчилтэй байгаагаас Бээжин, Вашингтоны харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр хүйтэрсэн. Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгээс энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа Шангрилагийн яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Хятадын БХЯ-ны сайд Ли Шанфу ням гарагт үг хэлэх хуваарьтай байна. Өмнө нь тэрээр энэхүү уулзалтын хүрээнд яриа хэлэлцээ хийх Ллойд Остины урилгыг хүлээж авахаас татгалзсан. Пентагоны мэдээлснээр, хоёр сайд бага хурлын нээлтийн үеэр л хоорондоо таарч гар барихаас хэтрээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: БНХАУ-тай хэлэлцээ хийх нь “хямрал сөргөлдөөнөөс” сэргийлэх гол нөхцөл
2023-06-05 11:01:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0