Хэдийгээр Киевийн эрх баригчид албан ёсоор зарлаагүй ч Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт өчигдөр эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Фронтын шугамын олон хэсэгт Украины арми Өрнөдийн илгээсэн хүнд зэвсэг техникийн дэмжлэгтэй давшиж эхэлснийг Их Британийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
Өрнөдийн тулааны тактикт суралцаж бэлтгэгдсэн Украины армийн анги нэгжүүд, Өрнөдийн орнуудын илгээсэн байлдааны зэвсэг техниктэйгээр фронтын шугамын олон хэсэгт давшиж эхэлснийг Вашингтон Пост сонин бас мэдээлсэн юм.
Киевийн эрх баригчид үүнийг удаан хүлээгдсэн сөрөг давшилтын эхлэл гэж нэрлээгүй ч байлдааны томоохон ажиллагаа үргэлжилж байгааг баталжээ.
Украины дайныг эхнээс нь анхааралтай ажиглаж буй Institute for the Study of War (ISW) судалгааны хүрээлэн бас сөрөг давшилт эхэлснийг мэдээлсэн байна.
Украины армийн байлдааны ажиллагаа Запорожье болон Донецк муж дахь Оросын зэвсэгт хүчний байрлалууд руу чиглэсэн гэх мэдээлэл ирж байна.
Эндээс харвал сөрөг давшилт Оросын хяналтад байгаа бүс нутгийг дундуур нь тасалж, өмнөд хэсгийг нь салгах зорилготой байх магадлалтай юм.
Украины армийн сөрөг давшилт Оросын талын ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байгаа. Энэхүү ажиллагааны үр дүнгээс ерөнхий дайны хувь заяа шийдэгдэх юм.
Хэрвээ Украины тал эзлэгдсэн нутаг дэвсгэрээ амжилттай чөлөөлж чадахгүй бол Өрнөдийн холбоотнуудын дэмжлэг суларч, Оросын талтай хэлэлцээний ширээний ард суух дарамт шахалт Киевийн засгийн газарт ирэх өндөр магадлалтай.
АНУ-ын армийн генерал, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Марк Милли энэ долоо хоногт CNN сувгаар ярихдаа Украины арми сөрөг давшилтад “маш сайн бэлтгэгдсэн”, гэхдээ “үр дүнгийн талаар урьдчилж хэлэхэд хэтэрхий эрт байна” гэж хэлж байв.
Оросын тал өнгөрсөн хугацаанд сөрөг давшилтад сайтар бэлдэж, фронтын шугамын дагуу нуувч, хориглолтуудыг олноор байгуулсан гэдэг.
ISW хүрээлэнгээс өчигдөр гаргасан мэдэгдэлд “Сөрөг давшилтын эхний хэсэг хамгийн хэцүү байх бөгөөд хамгийн удаан үргэлжилж магадгүй. Учир нь энэ хэсгийн зорилго нь сайтар бэлтгэгдсэн хориглолтын шугамыг нэвтлэх юм. Украины армийн сөрөг давшилтын энэ үе шат амжилтгүй болох, их хэмжээний хохирол хүлээхийг үгүйсгэхгүй” гэж тайлбарлажээ.
“Механикжсан хүчний давшилтын нэвтрэлтийн үе шат хамгийн аюултай бөгөөд хамгийн их хохиролтой байдаг нь нэгэнт батлагдсан ойлголт. Энэ үе шатны амжилт болон бүтэлгүйтэл хэсэг хугацаанд тодорхой харагдахгүй байх боломжтой” гэж дээрх мэдэгдэлд бас өгүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэвлэлд ярихдаа хэдийгээр ялна гэдэгтээ итгэлтэй байгаа ч сөрөг давшилт маш хүнд болж, их хэмжээний хүн хүчээ золиослох эрсдэлтэйг хүлээн зөвшөөрч байлаа.
Эх сурвалж: Reuters, Associated Press
Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины армийн сөрөг давшилт эхэлжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27