Ням, 2024-11-24
WSJ: БНХАУ Кубад хамтарсан цэргийн сургуулилалтын төв барих асуудлыг хэлэлцэж байна

Кубын нутагт хамтарсан цэргийн сургуулилалтын бааз байгуулах асуудлаар Хятад улс Карибын улстай яриа хэлэлцээ өрнүүлж байгаа гэдэг мэдээлэл сүүлийн үед америкийн хэвлэлүүдийн анхааралд ороод байна. АНУ-ын одоогийн болон өмнө алба хашиж байсан өндөр албаныхнаас иш татан “Уолл стрит жорнал” өчигдөр энэ тухай мэдээлсэн юм байна.

Куба арлын хойд эрэгт ийм байгууламж байгуулах тохироо Куба, Хятадын хооронд өрнөж, шийдэгдэх дөхсөн талаар энэ мэдээлэлд дурдаад, энэ байдал Карибын сав газарт Хятадын оролцоо бий болохоос бүх талаар сэрэмжилж байгаа Вашингтоны санааг ихээхэн зовоож байгаа талаар бичжээ. “Флоридагийн эргээс 100-гаадхан милийн зайд” Хятадын цэрэг, аюулаас хамгаалах болон тагнуулын ажиллагаа явагдах боломж энэ үйл ажиллагааны дүнд бүрдэж мэднэ гэдэг үүднээс Жо Байдений засаг захиргаа ихээхэн болгоомжилж байна. Пентагоны хэвлэлийн албаны дэд дарга Сабрина Сингх өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа дээрх сэтгүүлийн мэдээлэлд тайлбар хийхээс зайлсхийжээ.

Харин Хятад улс “дэлхийн баруун тал бөмбөрцгийг сонирхсон хэвээрээ”, цэргийн оролцоогоо тэлэх хүсэлтэй байгаа гэдгийг АНУ мэдэж байгаа. “Байдлыг бид үргэлжлүүлэн ажиглах болно” гэж тэр хэлсэн байна. Үүний зэрэгцээ Кубад Хятадын тагнуулын эсвэл цэргийн үйл ажиллагаа явагдаж байгаа асуудалд АНУ гүнзгий санаа зовниж байгаа гэдгийг даваа гарагт Бээжинд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах үедээ тодорхой дамжуулж хэлсэн гэдгээ төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Лондонд болсон хэвлэлийн хурал дээр ярьсан байна.

Хятадын гадаад яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбинь энэ сарын 12-нд энэ тухайд “АНУ-д дэгдсэн цуурхал” хэмээн үгүйсгэсэн мэдэгдлийг хийж байсан бол, Кубын Гадаад яамны сайд Карлос Фернандес де Коссио мөн “худал, огтын үндэслэлгүй мэдээлэл” хэмээн няцааж байсан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа Хятадыг Кубад тагнуулын мэдээлэл цуглуулах төвтэй, 2019 онд ийм төвүүдийнхээ тоог нэмсэн гэдгийг түрүү 7 хоногт нотлон мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

WSJ: БНХАУ Кубад хамтарсан цэргийн сургуулилалтын төв барих асуудлыг хэлэлцэж байна
2023-06-23 09:27:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0