Ням, 2024-11-24
Японы засгийн газар төрөлтийг дэмжих арга хэмжээ батлав

Японы сайд нарын танхим эцэг эхчүүдэд санхүүгийн нэмэлт дэмжлэг үзүүлж, хүүхэд асрах чөлөө олголтыг хөнгөвчилснөөр улс оронд нь төрөлт эрс буурсан байдалд эргэлт гаргаж чадна гэж найдаж байна. Японд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо сүүлийн 7 жил дараалан буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Японы сайд нарын танхим дээрх асуудлыг шийдвэрлэх зорилготой хэд хэдэн арга хэмжээг өчигдөр баталжээ. Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Японд төрөлт хурдацтай багасаж, хүн амын тоо буурч байна. Энэ чиг хандлагыг одоо л зогсоохгүй бол, манай улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлт буурч, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгаа зэрэг нийгмийн хангамжийн систем доголдож, хүн амд дэмжлэг үзүүлэхэд бэрхшээлтэй болно” гэж мэдэгдсэн байна. Төрөлт буурч байгаагийн үндсэн гол хүчин зүйл нь залуучуудын орлого болж байгааг Кишида мөн ярьжээ. Тэрээр залуучуудын орлогыг өсгөхийн төлөө боломжтой бүхнийг хийж, эдийн засгийн өсөлтөд дэм болох бодлогоо үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Улмаар Японы засгийн газар дараагийн гурван жилийн туршид энэ асуудалд төвлөрч жил тутам 25 тэрбум орчим доллар зарцуулах бодолтой байна. Энэ хүрээнд хүүхэд төрүүлж өсгөж байгаа гэр бүлүүдэд улсаас тэтгэмж олгохдоо орлогын хязгаар тавьдаг байдлыг үгүй болгож, дунд сургуулийн ахлах анги хүртэлх бүх хүүхдийг хамрахаар болж байна. Гурваас дээш хүүхэдтэй бүх өрхөд сар тутам 30 мянган иен буюу 215 орчим ам.долларын тэтгэмж олгох болж байна.

Мөн дундаас дээших боловсролын зардалд учирдаг дарамтыг бууруулахын тулд тэтгэлэг авах эсвэл төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах эрхийг өргөжүүлэх юм. Эдгээр болон бусад арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд засгийн газар нийгмийн хангамжийн зардлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ талын бүх асуудлыг нарийвчлан шийдэж, санхүүжилтийн схемийг тодорхойлох ажлыг Засгийн газар энэ ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы засгийн газар төрөлтийг дэмжих арга хэмжээ батлав
2023-06-26 10:01:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0