Их Британийн Засгийн газар Оросын “Вагнер” цэргийн хувийн компанийг террорист байгууллага гэж зарлах гэж байна. Ингэснээр уг байгууллагад гишүүнээр элсэх, дэмжих нь хууль бус үйлдэл болно гэсэн үг юм.
Парламентад өргөн мэдүүлэх тогтоолын төсөл нь уг компанийн хөрөнгийг террорист өмчийн ангилалд оруулж, хураан авах нөхцөлийг бүрдүүлэх ажээ. Дотоод хэргийн сайд Суэлла Браверманы хувьд, “Вагнер”-ыг Владимир Путиний цэргийн хэрэгсэл, хор хөнөөлтэй байгууллага гэж тодорхойлсон байна. Тэрбээр, Украин, Африк дахь тус байгууллагын үйл ажиллагаа нь “дэлхийн аюулгүй байдалд заналхийлж” байна хэмээгээд, “Вагнер”-ын тогтвортой байдлыг алдагдуулах үйл ажиллагаа үргэлжлэх нь Кремлийн улс төрийн зорилгыг л биелүүлнэ гэж хэлжээ.
“Вагнер” нь Орос Украин руу халдан довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Сири болон Африкийн Ливи, Мали зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн “Вагнер”-ын цэргүүдийг Украины энгийн иргэдийн амийг хөнөөж, тамлан зовоосон зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. 2020 онд АНУ-ын зүгээс, “Вагнер”-ын цэргүүд Ливийн нийслэл Триполи хотын эргэн тойронд мина тавьсан гэж мэдэгдэж байв. Мөн долоодугаар сард Их Британи уг бүлэглэлийг “Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад “цаазын ял гүйцэтгэж, тамлал үйлдсэн” гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр “Вагнер”-ын үүсгэн байгуулагч, удирдагч Евгений Пригожин Оросын цэргийн удирдлагын эсрэг бослого зохион байгуулж, бүтэлгүйтсэний дараа бүлэглэлийнх нь ирээдүй тодорхойгүй байдалд оржээ.
Их Британи “Вагнер”-ыг террорист байгууллага гэж зарлана |
|