Баасан, 2024-11-22
Украин: Хүний махан шуургаар дайраад нэмэргүй

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 20 дахь сар руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Korrespondent.net, censor.net сайтаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украины БХЯ-ны Цэргийн тагнуулын ерөнхий газрын шинэхэн мэдээгээр бол Орос нь фронт ба фронт орчмын украины нутагт 400 мянга гаруй цэрэг бөөгнөрүүлсэн, тэр тоон үзүүлэлтээр бол фронтын салангид хэсгүүдэд хүрэлцэхүйц хүчтэй. Алагдсан орос цэргийн тоо 300 мянгад хүрч, шархдагсад, үүрдийн эрэмдэг бологсод бараг нэг саяд хүрсэн, дээр нь 400 мянган цэрэг байлдаанд оруулах гэж байгааг тооцвол 2 сая цэрэг офицер энэхүү түрэмгийлэлд нь оролцсон болж таарна. Гэвч хөндөхгүй бол болохгүй сэтгэл эмтэлмээр мэдээ ирж байна.
 
Сталины хүнлэг бус цуст практикийг дахин нэвтрүүлжээ. Хулчийсан гэдгээр фронт дээр шууд цаазлах тушаал өгснөөр офицер дарга нарынхаа суманд өртөгсөд хэдэн мянга болж өснө. Бас хулчийсан, байлдахаас татгалзсан цэргүүдийг торгуулийн батальон маягаар галын шугам руу нүүрэн эгнээнд хөөж оруулдаг, ухарвал араас нь галлаж буцаадаг практик Донецкийн фронт дээр хэрэгжиж эхэлжээ.
 
Үхэл явж өгнө. Тэгвэл энэ үхлийг юу гэж нэрлэх вэ, ар гэрт нь юу гэж тайлбарлах вэ, ар гэрийг нь хэлмэгдүүлэх үү, бөөн маргаан. Оросын байнгын арми үндсэндээ нөөцөө барж дуусч байна. Бэлтгэгдсэн мэргэжлийн цэргүүдээ хядуулаад дууссан. Татагдаж ирсэн шинэ бие бүрэлдэхүүн нь сургуулилаж (хэдэн жил бэлтгэн байж мэргэжлийн цэрэг болгоно) амжихгүй байна. Зөвхөн хүний олонд л найдна. Украины батлан хамгаалалт нь хоёр-гурван  эшелонтой. Ямар ч үед оросын түрэмгийлэгчдэд цохилт өгөх чадвартай. Хоногтоо оросын 300-400 цэрэг алуулж байх нь жам ёсных болохын наагуур байна.
 
сонин mn
Украины Цэргийн тагнуулын мэдээгээр Украины нутаг дэвсгэрт Оросын армийн ихээхэн тооны зэвсэг, хүнд техник байгаа ба хангалтыг фронт руу тасралтгүй хийхийг хичээж буй. Цэрэг татлагыг зунжингаа хийсэн, одоо ч яаж ийгээд сар бүр фронт руу 20 мянга гаруй цэрэг илгээсээр. Цэрэг татлага маш маргаантай. Украины фронтод очиж амиа золих орос эрс олдохгүй тул хөлсөөр ажиллуулах санал тавина, мөнгө амлана, муж субъектуудаас ротацийн журмаар нэг батальон гэрээгээр нэг сар илгээнэ. Цаадуул нь ялах тухайд бус алагдчихгүй эсэн мэнд үлдэж цалингаа ар гэртээ илгээхийг хичээнэ. ОХУ-д хараар ажилладаг Дундад Азийн иргэдийг хуурч мэхлэн Донбасс руу аваачсан, барилга дээр ажиллуулна гээд тэргүүн шугам руу илгээсэн явдал олонтаа тохиосон.
 
Украины фронт руу илгээх 400 мянган цэрэг ямагт бэлэн ч  Орост ялалт ирэхээсээ өнгөрсөн. Ялахгүй, гэвч яаж ийгээд Украины улс ардын аж ахуй, энгийн хот тосгод, иргэний байгууламж, энгийн хүн амыг хорлож чадахтайгаа. 2022 оны хоёрдугаар сарынх шиг өргөн фронтоор давших бус салангид фронтод давших тактик сонгосон. 
 
Гэвч салангид фронтод давших тактик зөв гэдгээ нотлож чадсангүй. Сүүлийн саруудад Авдеевкийн тийш хамаг анхаарлаа хоёр талаас төвлөрүүллээ. Авдеевкийн төлөөх тулалдаан цэрэг-дайны шинэхэн түүхийн хуудсыг баяжуулав. ОХУ-ын БХЯ-ны шинэ шинэ төлөвлөгөө шил дарав. “Хүний махан шуурга”, “Хүн давалгаа” голлоно. “Галан шуурга” нь намжсан, учир нь их буу, град, их бууны сум хязгааргүй их биш ажээ. Хойд Солонгосоос очсон 1000 чингэлэг ачаанд аль 1960-1970-аад оны зөвлөлтийн хуучин их буу тоосонд дараастай,  XXI зууны дайнд хэрэглэгдэх нь эргэлзээтэй. Сүүлдээ оросын зэвсэглэлд Т-64,  Т-72 танкууд, аль II дайны үеийн фаниаран хаалгатай ачааны машин очжээ. Аравдугаар сарын 10-наас хойш гэхэд л Авдеевкийг эзлэх гэж оросын тал 6500 цэргээ хий дэмий алуулжээ. Ялах ч өнгөрлөө. Гэвч Донецк мужийг бүхэлд нь чөлөөлөх тухай Путины хатуу даалгавартай тул хүний амь золин бүтэлгүй давшсаар байхаас өөр сонголтгүй. 
 
Ер нь Авдеевка ямар хэрэгтэй, тэнд стратегийн ямар чухал давуу тал байгаа болоод оросууд ингэж үхэлдээд байгааг ингэж тайлбарлажээ. Хэрэв тэнд оросын оккупацын арми ялбал Украиныг хэлэлцээний ширээнд албадан суулгаж чадна, тэгээд дайнаа Кремлийн нөхцөл дор царцаахыг зөвшөөрүүлнэ гэж оросууд тооцжээ.
 
Харин Украин нь хэлэлцээ хийхийг зөвшөөрөх, тэгэх тусмаа фронтын амин чухал шугамаасаа татгалзах нь оросын хүссэний эсрэг, харин ч оросын хувьд туйлын бүтэл муутай тооцоолол болох ажээ. Херсонщина, Запорож, Донецк мужид гал зогсоогоод оросуудын бэхжихийг хүлээгээд нам гүм болно гэж хэзээ ч байхгүй. Оросууд амсхийж хүчээ сэлбэж аваад дахин бөөн хүчээр давшихыг хүлээнэ гэж хэзээ ч байхгүй гэж украины эрх баригчид санал нэгтэй үзнэ. Авдеевкад оросууд хохирол ихээр амсах тусмаа дахин дахин довтлоод байгаагийн цаад учир нь ялах бус, ердөө украинчуудыг залхаах, залхсандаа хэлэлцээ хийе гэхийг нь хүлээж авах учраас ОХУ тийш нь хэдэн арван бригад, хороо илгээж байлдуулахаар сэхэж байна. 
 
сонин mn
Авдеевкийг бүслэн устгах нь оросын эцсийн зорилго. Авдеевкад ялах нөхцөл нь бүрдчихлээ гэж оросууд цөхрөлтгүй горьдоно. Олон улсын нөхцөл байдал оросын талд ашигтай эргэлээ гэсэн буруу тооцоо Кремлийн эрх баригчдыг эзэмджээ. АНУ ба Барууны холбоотон Израиль нь ХАМАС-тай байлдаад завгүй, мөн АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхмын шинэ спикер нь Украинд туслахын эсрэг үзэлтэн, бас Словак, Польшид явагдсан парламентын сонгууль НАТО-г дотор нь эвдэж магадгүй, Европын Холбоон дотроо Унгар Оросын дуу хоолой боллоо гэсэн горьдлогоо тээн оросууд байлдсаар.
 
Владимир Зеленскийн видео уриалгад өгүүлснээр, байлдааны үндсэн ажиллагаа Купянск, Бахмутын нэг чиглэлд, мөн Авдеевка, Марьинка, Мелитополь гэсэн нөгөө нэг чиглэлд өрнөж байна. Хориглон хамгаалах ба давших ажиллагааг шинэ шинэ пуужин, холын тусгалт их буугаар дэмжиж байна. Өнгөрсөн 7 хоногт гэхэд Оросын цэргийн амьд хүчний хохирол эрс өслөө. Украин даяар хоргодох байруудыг шинэчлэн бэлтгэж байна гэжээ.
 
Украины тусгай албад ба партизанууд урвагчдаа эрэн сурвалжилж ганц нэгээр нь цээрлүүлсээр байна. Нэртэй урвагч Олег Царевыг буудаж хүнд шархдуулсан, тэр нь сэхээнд байгаа гэх мэдээ оросын тал баримтлагчдыг ихэд түгшээлээ. Бүгд нууц байдалд бүгэж байгаа, нүүрлээд ирэх аюулаас хэрхэн мултрахаа л бодно. Фронт дээр халуун зэвсгээр байлдахын сацуу украины IT-арми эзлэгдсэн нутагт маш эрчимтэй ажиллана. Оросын томхон телеком-оператор, интернэт-провайдер компаниудыг жагсаалаас гаргажээ. Оросын Крымтелеком, Миранда-медиа, МирТелеком компаниуд украины кибер цохилтод өртөв. Ингэснээр Крым болон Херсон, Запорож, Донецк,  Луганскийн эзлэгдсэн нутаг дахь оросын цэргийн коммуникац тасрав.  Оросын нисэх хүчин хүндхэн байдалд байгааг Британийн тагнуулын алба онцолжээ. Оросын стратегийн авиац Украин руу далавчит пуужингаар цохилт өгч чадалгүй нэг сар өнжжээ. Яагаад ийм урт хугацааны пауз авсныг тайлбарлахдаа ОХУ нь өвөл украины эрчим хүчний дэд бүтэц рүү галлахаар Х-101 далавчит пуужингуудаа нөөцлөн буй гэжээ. Үүний оронд бага оврын далавчит пуужин, шахед гэх нисдэг биет, дроноор халдах, шахедаар дайсныхаа агаарын довтолгооноос хамгаалах байршил зэвсгийг тандах, тэгснээрээ дараагийнхаа атакийг төлөвлөхийг хичээж агаарын ширүүн тулалдаанаас зайлан байна. Украины дрон, нисэгчгүй нисэх төхөөрөг, нөгөө алсын тусгалт алдарт америк пуужингийн цохилтод оросын аэрдромууд олонтаа өртөж тэнгэрт бус газарт олон арван онгоц, нисдэг тэргээ хөнөөлгөсөн.
 
Севастопольд мина эсэргүүцэгч “Владимир Козицкий” гэх байлдааны хөлөг онгоц дэлбэрснээр тэнгисийн дайнд украин дахин нэг ялалт өөртөө авчрав. Путины бахархал болсон, өөрөө очиж тэнгисийн цэргийн парадад рапорт хүлээн авч байсан Хар тэнгисийн флот нь Керчийн гүүртэйгээ хамт яйрах нь цаг хугацааны асуудал болоод байна.
 
Дайн сунжирсаар гурав дахь өвөлтэйгөө залгах дөхлөө. Ер нь хоёр талаасаа туйлдаж ядартлаа байлдлаа. Туйлдуулах, залхаах энэ дайнд хэрэв Украиныг Баруун дэмжиж зэвсэглээгүй бол мэдээж сөхрөх байсан биз. Гэтэл Украин нь Барууны өгөөмөр тусламжийг зөв зүйтэй ашигласан төдийгүй, өөрсдөө батлан хамгаалах аж үйлдвэрээ хөгжүүлж, өндөр технологийн зэвсэглэлийн үйлдвэрлэл рүү шилжиж чадсан. Гэтэл Орос нь Хойд Солонгос, Иран, Хятадаас дэндүү хамааралтай болж, хэрэв цаадуул нь зэвсгээр туслахгүй гэвэл туйлдуулах дайнд тэсч гарах нь нэн эргэлзээтэй болжээ. 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
 
сонин mn

Украин: Хүний махан шуургаар дайраад нэмэргүй
2023-10-30 09:37:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ