Бямба, 2024-11-23
ГАНЦМОДНЫ БООМТ ДЭЭРХ ЖАГСАГЧИД ТАРЖ, ХИЛ НЭЭГДЖЭЭ

БНХАУ-ын Ганц модны хилийн боомт өчигдөр өглөө нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Хилийн боомт дээр жагсаж байсан иргэдтэй Баяннуур аймгийн Засгийн ордныхон, Ганцмод боомтынхон энэ сарын 17-нд уулзаж, тохиролцоонд хүрчээ. Ингээд урд хөршийн нүүрс тээврийн компанийн ажилтнууд жагсаалаа бүрэн зогсоож, зам хааж тавьсан машинуудаа холдуулжээ. Ингэснээр Монголын нүүрс тээврийн компанийн машинууд БНХАУ-ын хилийн зурвас руу орж эхэлсэн байна. Хилийнхэн гаалиар хяналт шалгалт хийх ажлаа ч эрчимжүүлсэн байна. Хоёр улсын хилийн боомт өчигдөр 10:00-20:00 хүртэл хүнд даацын автомашинуудыг нэвтрүүлжээ. Арав гаруй хоног хөл хөдөлгөөн нь зогсоод байсан Гашуун сухайт хилийн боомтын замаар машины цуваа тасралтгүй хөвөрч байгаа аж. Харин өчигдөр Оюутолгой компани баяжмал тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсоод байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

“ВИНСВЭЙ”, “ЧАЛЬКО” КОМПАНИ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛАА НЭМЭХЭЭР БОЛЖ, ЖАГСАГЧИД ТАРЦГААЛАА

Ганцмодны хилийн боомт дээр зам хааж, жагсаад байсан хятадуудын жагсаалаа зогсоох болсон шалтгааны талаар “Нүүрс тээврийн жолоочдын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөчиртэй холбогдож, цөөн асуултад хариулт авсан юм.

-Хилийн зам хааж жагссан хятадууд жагсаалаа зогсоох шийдвэр гаргасан байна лээ. Ямар шалтгаанаар зогсоосон тухай мэдээлэл хэлж өгөөч?

-Ганцмодны хилийн боомт дээрх жагсаал Цагаан сар хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл байсан. Жагсагчдын тавьсан шаардлагыг Баяннуур аймгийн Засгийн ордныхон Гадаад хэргийн яамаар дамжуулан Монголын Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Мөн Монголын Авто тээврийн үндэсний төвд ч шаардах бичиг хүргүүлсэн юм. Шаардах бичгийн хариу сар гаруйн хугацааны дараа ирэх байх гэсэн тооцоолол байсан. Тэгтэл өчигдөр Ганц модны хилийн боомтын захиргаа, хилийн цэрэг, цагдаа, Баяннуур аймгийн удирдлага,“Винсвэй”, “Чалько” компанийн төлөөлөл, нүүрс тээврийн компанийн захирлуудтай уулзаж хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээр амжилттай болсон юм байна лээ. “Винсвэй”, “Чалько” компанийн зүгээс нүүрс тээвэрлэлтийн зардлыг нэмэх санал гаргасан байна. Тонн тутамд нь тодорхой хэмжээний юань нэмэх боломж байгаа гэдгээ мэдэгдсэн. Нүүрс тээврийн компанийн захирлууд тооцоолбор хийж үзээд ашигтай гэж үзсэн гэсэн. Ингээд жагсаалаа зогсооё гэсэн шийдвэр гаргасан байна. Дээрх хэлэлцээрийн дагуу өчигдөр өглөө Адууны хашааны замыг хааж тавьсан машинуудаа жагсагчид авсан. Үүний дараа жолооч нар машинаа асааж, хил нэвтэрч эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хориг саад байгаагүй. Хилийн орчимд хэд хоног зогссон машинууд чөлөөтэй нэвтэрч эхэллээ.

-Хил дээр жагсаал хийсэн иргэд шаардах бичгийнхээ хариуг авах гэнэ үү?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хил онгойчихлоо. Шаардлагын хариуг авахгүй гэвэл танай улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, жолооч нарт нийгмийн даатгал төлөх байх. Үндэсний авто тээврийн төвөөс оны өмнө компаниудыг байнгын ажилладаг жолоочтой бол, тэднийхээ бичиг баримтыг бүрдүүлж өгөөд хуулийн дагуу нийгмийн даатгал болон бусад төрлийн татвар төл” гэсэн шаардлага тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэх, Монголын нутаг дэвсгэр Цагаан хадан дээр байнгын хяналтын пост, компанийн бие төлөөлөгч ажиллуулах зэрэг асуудлууд ажил хэрэг болох байх.

НАР ЦАГААН САРААР МӨНГӨТЭЙ ХАРИХ НЬ ГЭЭД БАЯРТАЙ БАЙНА” ГЭВ

Өчигдөр 20:00 цагийн байдлаар БНХАУ-ын хилээр 600 гаруй хүнд даацын автомашин нэвтэрч, Монголын хил рүү орж ирсэн байна. Харин Гашуун сухайт хилийн боомтоор манай улсын хоёр мянга гаруй иргэн хил гарч, Ганцмодны боомт оржээ. Энэ талаар Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас хувиараа нүүрс тээвэрлэж байгаа Р.Ганбаттай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-БНХАУ-ын ганцмодны хил нээгдэж, монгол жолооч нар Хятад руу хил даваад эхэлсэн гэсэн. Хятадын компаниуд та бүхэнд машинаа өгч байна уу?

-Машинаа асуудалгүй өгч байна. Хил нээгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас наашаа хэдэн зуун жолооч гарсан гэх мэдээлэл байгаа. Зарим нь Ганцмод хилийн боомт дээр ирчихээд байна. Хил хаагдсантай холбоотойгоор хэд хоног нам гүм байсан. Одоо харин хэдэн зуун машин давхилдаж байна. Оюу толгой компанийн ажилтнууд дөнгөж сая бөөнөөрөө энд ирсэн. Маргаашнаас баяжмал нь хил гарахаар болсон гээд явж байна лээ.

-Уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн болж, ачилт эхэлсэн үү?

-Эрдэнэс Тавантолгой компанийнхан нүүрс тээврээ зогсоогоод байсан ч өчигдрөөс дахин эхлүүлсэн. Мөн “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсний ачилт хийгдэж байгаа. Жолооч нар “Цагаан сар болох гэж байхад хил хаагдчихлаа. Мөнгө төгрөг байхгүй хэцүүдэх юм байна” гэж ярьж байлаа. Харин хил нээгдсэнээр Цагаан сараар гэртээ мөнгөтэй очих нь гээд баярлаж байна гэв.

Ийнхүү арав гаруй хоног зогсоод байсан нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж, өнөөдрөөс БНХАУ-ын Ганц модны боомтоор нүүрс гарч эхлэх нь бололтой.


ГАНЦМОДНЫ БООМТ ДЭЭРХ ЖАГСАГЧИД ТАРЖ, ХИЛ НЭЭГДЖЭЭ
2018-01-20 10:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0