Ангараг гаргийг эзэмших БНХАУ-ын үндэсний хөтөлбөрийг "Тяньвэнь" хэмээн нэрлэлээ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.
Өнөөдөр Хятадын сансрын нисэгчдийн өдөр тохиож байгаа юм. Тус улсын төв телевизээр мэдээлснээр, Улаан нүдэн гаргийг судлах төслийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөрийг "Тяньвэнь-1" гэж нэрлэх аж. "Тяньвэнь" гэдэг нь эртний Хятадын агуу их яруу найрагчдын нэг болох Цюй Юанийн /МЭӨ 340-278/ нэгэн найраглалын нэрнээс гаралтай бөгөөд “Тэнгэрт тавих асуултууд” гэсэн утгатай ажээ. Үүний зэрэгцээ мөн нарны аймгийн гаргууд байрладаг тойрог замыг дүрсэлсан хагас тойрог бүхий төслийн логог танилцуулсан байна. Хагас тойрог нь англиар “Хятад” /China/, “хамтын ажиллагаа” /Cooperation/ гэсэн үгсийн эхний үсгийг бэлгэдэж байгаа бөгөөд энэ нь тус улс бусад оронтой хамтран сансрыг эзэмших хүсэлтэй гэдгийг илэрхийлж байгаа аж.
БНХАУ Ангарагийг судлах эхний хөтөлбөрөө энэ онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг руу тандалт судалгааны аппарат илгээх юм. Уг аппарат долоон сарын хугацаанд Ангараг гарагт хүрэх ёстой байна. Үүний дараагаар Хятадын Засгийн газар уг гараг руу жолоодлогот хөлөг илгээхээр төлөвлөжээ.
Одоогоос яг 50 жилийн өмнө буюу 1970 оны дөрөвдүгээр сарын 24-нд Хятад улс "Дунфанхун-1" хэмээх анхны хиймэл дагуулаа тойрог замд оруулжээ. 2016 оноос хойш тус улсад жил бүрийн энэ өдрийг Сансрын нисэгчдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.
БНХАУ Ангараг гаргийг судлах хөтөлбөрийнхөө нэрийг танилцууллаа |
|