NASA нь Parker Solar Probe нэртэй хөлгийг өнгөрсөн оны наймдугаар сард нар руу илгээж байв. Тэгвэл энэ хөлгөөс нарны талаар маш үнэтэй мэдээллүүд ирсэн тухай эрдэмтэд өчигдөр зарлажээ.
Автомашины хэмжээтэй хөлөг долоон жилийн хугацаанд нарыг тойрон янз бүрийн замаар эргэхдээ гадаргад нь 6 сая километр зайтай ойртох юм.
Зорилго нь манай дэлхийн амьдралд нөлөөлдөг нарны соронзон шуурга зэрэг үзэгдлийн нууцыг тайлах ажээ.
Бас нэг сонирхолтой сэдэв нь нарны атмосферийн хил хязгаар болох нарны титэм ямар эх үүсвэрээс халдаг тухай ойлголт юм. Нарны гадаргын температур Цельсийн 6,000 хэм байдаг бол нарны титмийн халуун нэг сая хэмд хүрдэг.
Харин сая PSP хөлгөөс ирүүлсэн мэдээллийн үр дүнд нарны титмийг халаагч эх үүсвэрийг шинээр тодорхойлжээ. Өмнө нь эрдэмтэд нарны соронзон орны үүсгэдэг долгион титмийг нь халааж байдаг гэсэн ойлголттой байв. Гэтэл сүүлд авсан мэдээллээр нарны соронзон орны чиглэлийг бүхлээр нь өөрчлөх чадалтай хүчирхэг соронзон долгион нарны титмийг халааж байж болзошгүйг илрүүлжээ.
Үүнээс гадна эрдэмтэд нарны соронзон шуурганы хурдыг бодитоор нь хэмжиж чадсан нь томоохон нээлт болсон байна. Нарнаас гадагш цацаж байдаг протон, электроны урсгалыг нарны соронзон шуурга гэдэг.
Гэтэл шинэ мэдээллээр энэ үзэгдлийн хурд өмнө нь тооцоолж байснаас 10-20 дахин өндөр болохыг тогтоожээ.
Нарны соронзон шуурганы идэвхжлийг урьдчилан таамагласнаар дэлхийд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэх боломжтой болно.
1859 онд энэ үзэгдлийн нөлөөгөөр дэлхийн цахилгаан холбооны сүлжээ ажиллагаагүй болж байсан бол 1972 онд умард Вьетнам дахь АНУ-ын тэнгисийн хүчний минанууд удирдлагагүй болж байжээ.
Хүн төрөлхтний амьдрал улам бүр технологиос хамааралтай болж байгаа энэ үед нарны соронзон шуурганы нөлөөг судлах нь чухал ач холбогдолтой болж байгааг Калифорни Берклийн их сургуулийн профессор Стюарт Бэйл онцолсон байна.
“Хэрвээ бид сансрын үзэгдлийг урьдчилан мэдэж чаддаг болбол цахилгаан эрчим хүчний сүлжээгээ түр унтраах, хиймэл дагуулын системээ түр зогсоох зэргээр осол гэмтлээс сэргийлэх арга хэмжээ авч чаддаг болно” гэж тэр ярьжээ.
Parker Solar Probe хөлөгт АНУ-ын астрофизикч Южен Паркерын нэрийг өгсөн юм. Тэрээр нарны соронзон шуурганы тухай анхны онолыг боловсруулсан эрдэмтэн ажээ.
Нар руу илгээсэн NASA-гийн хөлөг анхны мэдээллээ дэлхийд ирүүлжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27