Бямба, 2024-11-23
E-Mongolia: 210 төрийн үйлчилгээг таван минутанд авах боломжтой болжээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем  E-Mongolia талаар мэдээлэл өнөөдөр хийлээ.
E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргалаа. Эхний шатанд төрийн 181 үйлчилгээг ийнхүү богино хугацаад цахимжуулж чадлаа. Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлнэ.
 
Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн яамны E-barimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны E-halamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна хувийн хэвшлийн түүчээ болсон үүрэн холбооны операторууд нэгдэж буйгаа өнөөдөр мөн зарлаж байна.
 
Үүрэн холбооны оператор компаниудын зүгээс ухаалаг гар утсаа ашиглан E-Mongolia-гаас үйлчилгээ авахад дата унахгүй байх зохицуулалтыг хийж байна.
 
Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ. Улсын төсөв, хувь хүний санхүүг хэмнэхээс гадна мөнгөөр хэмжигдэхгүй үнэтэй цаг хугацааг энэхүү систем Монгол Улсын иргэнд бүрт хэмнэж өгөх учиртай. Ийм учраас Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухайн хууль, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд 10 сардаа багтан УИХ-д өргөн баригдаж хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байна.
 
Олон улсын туршлагаас ажиглахад дижитал шилжилтийг бүрэн хийхэд дор хаяж 5-7 жил шаардлагатай байдаг юм байна. Иймээc E-Mongolia системийн хөгжүүлэлт 365 хоногийн туршид хийгдэх тул иргэд та бүхэн энэхүү системийг өргөнөөр ашиглаж, санал, шүүмжлэлээ Засгийн газрын олон нийттэй харилцах төв болох 11 11 төвөөр дамжуулах илэрхийлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулаарай.
Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
 
-"Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын хүрээнд e-Mongolia буюу цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн албаны хүнд суртал, үйлчилгээний давхцлыг багасгах, иргэдийн цагийг хэмнэх болно. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэхүү ажил маань тусгагдсан. Өнөөдрийн байдлаар 181 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашдаа 492 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр мэргэжлийн хамт олон ажиллаж байгаа. Олон улсын туршлагаас харахад дижитал шилжилт рүү бүрэн ороход манай улсад 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү E-Mongolia  нэгдсэн системийг хөгжүүлэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл 492 төрийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаа орно. Цахим үндэстэн болоход хувийн хэвшэл, иргэн хүн бүрийн оролцоо чухал. Нэг цаг 30 минутын үйлчилгээг гар утаснаасаа эсвэл компьютероос таван минутын дотор авах боломжтой. Мөн авлигал үүрлэсэн төрийн албаны хүнд суртлыг арилгана. УИХ инновац, цахим бодлогын байнгын хороотой болсон. Цахим шилжилтийн цогц хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Энэ хуулиар хувь хүний нууцлал, цахим болон тоон гарын үсгийн талаар дурдагдаж байгаа.
 
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:
 
-Аравдугаар сарын 1-ний байдлаар 4322 иргэн E-Mongolia цахим системд хандан төрийн үйлчилгээг авчээ. Тухайлбал, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа зэргийг авчээ. Үнэгүй, датагүйгээр аль ч дөрвөн операторийн хэрэглэгч байсан E-Mongolia цахим системд нэвтрэх боломжтой.
 
Та эдгээр төрийн үйлчилгээг e-Mongolia цахим системийг ашиглан авах боломжтой.
120406512_365667304573589_3372088013206620615_n

E-Mongolia: 210 төрийн үйлчилгээг таван минутанд авах боломжтой болжээ
2020-10-02 14:05:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0