Компьютерын тоног төхөөрөмж, электрон технологийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг “Acer” компани өнгөрсөн шөнө “Next@Acer 2020” арга хэмжээгээ зохиож, дэлхий даяар шууд дамжууллаа. “Connected together” уриатай тус хэвлэлийн хурлаараа долоон төрлийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.
"Acer" компанийн Гүйцэтгэх захирал Жейсон Чен арга хэмжээг эхлүүлж “2020 он бол хүн төрөлхтөн амьдралын хэв маягаа дахин тодорхойлох жил. Ихэнх хүний хувьд гэр нь унтаж амрах, гэр бүлээрээ цугларах, хамт байх газар байсан бол одоо бүтээлч орчин болсон. Бид гэрээсээ ажлаа хийж бас суралцаж байна. Тэгээд ч зогсохгүй зарим нь урлан бүтээх студи болгон ашиглаж буй. Харин өнөөдөр танилцуулах биднй технологи хүмүүст бүтээлч боломжийг нэмэгдүүлж, амьдралаа хялбарчлахад туслах болно” хэмээв.
Ингээд “Next@Acer 2020” арга хэмжээний үеэр танилцуулсан бүтээлүүдээс онцлон хүргэж байна.
ACER CHROMEBOOK
“Qualcomm” компанийн бүтээсэн “Snapdragon 7c” чиптэй “Acer”-ийн анхны лаптоп /laptop/ "Chromebook Spin 513" нь 14 цагийн турш цэнэгээ хадгалж, эрчим хүч бага зарцуулах давуу талтай. Энэ нь гэрээсээ ажиллаж, суралцах хүмүүст зориулсан авсаархан, энгийн хувилбар юм. 13,3 инч хэмжээт дэлгэцтэй, “Qualcomm”-ын хамгийн сүүлийн үеийн “Adreno 618” график карт болон “Kryo 468” CPU-тэй уг лаптоп ердөө 1,2 кг жинтэй бөгөөд 4G дэмждэг.
Харин нэмэлт хувилбар болох “Chromebook Enterprise Spin 513” нь байгууллагад зориулсан, компанийн нууцын аюулгүй байдлыг сахих, зардал хэмнэхэд тустай аж. Мөн “Chromebook CXI4” гэх сургуулийн анги, танхим, лабораторид зориулсан лаптоп нь шинэ эрин үеийн хүүхэд залууст зориулсан шинэлэг бүтээгдэхүүн юм.
ACER SPIN
Арга хэмжээний үеэр танилцуулсан нэгэн онцлох бүтээгдэхүүн нь "Acer" компанийн 5G сүлжээ дэмждэг анхны нөүтбүүк /notebook/ "Spin 7" байлаа. 29 цагийн турш цэнэгээ хадгалах чадвартай "Spin 7" нь “Snapdragon 8cx gen 2” чиптэй бөгөөд таблет /tablet/ болгон эвхэж зориулалтын үзгээр бичих, зурах боломжтойгоороо давуу талтай. "Corning" компанийн “Gorilla Glass” бүхий дэлгэцтэй тус нөүтбүүк нь өөрийгөө нян, тоосонцороос хамгаалж цэвэрхэн байлгах ион суурьтай материалаар хийгджээ.
ACERPURE COOL
Нөүтбүүкээс гадна гэрээсээ ажиллах хэрэглэгч болон албан байгууллагад зориулсан энэхүү агаар цэвэршүүлэгч "Acerpure cool" нь 90 градус эргэж 16 метр хүртэлх зайд үлээх чадвартай ба 27 м кв талбайг гурван минутын дотор цэвэршүүлнэ. LED дэлгэцийн тусламжтай гэр доторх агаарын чанарыг хянаж болох ба PM 2.5, PM 1.0 тоосонцор, H1N1 вирусийг устгах сөрөг ион ялгаруулдаг байна.
ACER CONCEPTD 7
Энэ бол хөдөлгөөнт зураач, анимейшн бүтээгч, "youtuber" нарт зориулсан хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт бүхий бүрэн тоноглогдсон нөүтбүүк юм. 15,6 инч хэмжээтэй 4К HD дэлгэц, Intel компанийн аравдугаар зэргийн i7 процессор. NVIDIA-гийн GeForce RTX 3070 график карт, 64 гегабайтын DDR4 шуурхай санах ой, 2 терабайтын SSD hard зэрэг нь video edit хийхэд асуудалгүй болгожээ. ConceptD 7 болон ConceptD 7 Pro загвар нь Acer-ийн Vortex Flow хөргөлтийн технологитой тул нөүтбүүк халах гэсэн ойлголт үгүй болж сэнсний чанга чимээ багасжээ.
GAMING MONITORS
Acer компани арга хэмжээнийхээ үеэр видео тоглоомд зориулсан Predator XB3, Predator X34 GS, Nitro зэрэг хурд, хүч, нимгэн чанар бүхий дэлгэцүүдээ танилцуулав. Эдгээр нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан том хэмжээтэй, муруй хэлбэртэй, хурдан асдаг зэрэг давуу талтай аж.
PORSCHE DESIGN ACER BOOK RS
Арга хэмжээний хамгийн сүүлийн бөгөөд хамгийн онцлох бүтээгдэхүүн нь Acer болон Porsche Design компанийн хамтарсан тансаг хэрэглээний Acer RS нөүтбүүк байлаа. Энэхүү загварлаг нөүтбүүк нь арваннэгдүгээр зэрэглэлийн Intel i7 процессор, NVIDIA GeForce MX350 график карттай бөгөөд ердөө 1,2 кг жинтэй аж. 15,99 мм нимгэн Acer book RS нь нөүтбүүкийн дизайныг шинэ түвшинд аваачсан гэж мэрэгжилтнүүд магтаж байна.