Ням, 2024-11-24
Уурхайн төлөвлөлтийн цогц систем нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэс, Ил уурхайн инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэлхийн жишигт нийцсэн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь, Эрдэнэт үйлдвэрийн уурхайн урт хугацааны төлөвлөлтийг Оросын мэргэжилтнүүд хийдэг байсан бол 2016 оноос Монгол инженерүүд уурхайн оновчлол, төлөвлөлт хийх болжээ. Тэд Австралийн “МАРТЕК” компанийн мэргэжилтнүүдтэй өдөр бүр онлайнаар холбогдож уг системийг эзэмших, уул уурхайн төлөвлөлтийн цогц программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү систем нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд нөөц, баялгийн үнэлгээ хийж уурхайн оновчлол, эцсийн дизайныг тооцоолох, олборлолтын урт хугацааны стратеги, дунд хугацааны тактик төлөвлөлтийн инженерийн зураг төслийг боловсруулах юм. Эдгээр системийг нэвтрүүлснээр ордын үр ашиг, өнөөгийн үнэ цэнэд суурилсан уурхайн оновчлол, хөрөнгө оруулалтыг тооцож  төлөвлөлтийг илүү өргөн хүрээнд, нарийвчлал сайтай хийхээс гадна дэлхийн зах зээлийн болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тохирсон бизнесийн үйл ажиллагааны стратеги боловсруулах, компанийн удирдлагыг хэрэгтэй мэдээллээр хангах юм. Шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд зарим шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд, өндөр хүчин чадал бүхий дөрвөн компьютер ажиллагаанд оруулжээ.
М.Одгэрэл
Фото. Б.Баттөгс

Уурхайн төлөвлөлтийн цогц систем нэвтрүүлнэ
2020-04-09 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0