Лхагва, 2024-12-04
АРХУСТЫН ЭМНЭЛГИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХ ДЭЛБЭРЧ, ХҮҮГЭЭ САХИЖ БАЙСАН ЭЭЖ АМИА АЛДЛАА

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар сурвалжлахаар Архуст суманд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт очлоо. Тааралдсан сумын иргэд дэлбэрэлт болсон талаар янз бүрээр ярьж, тайлбарлаж байв. Хэн нэгнээс сонсч, дуулсан зүйлсээ ам уралдан ярих аж. “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангахгүй нь тодорхой байгаа. Хоёр жил болоод дэлбэрдэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энд тэнд зуух дэлбэрч, хүн амиа алджээ” гэсэн мэдээ байнга гардаг. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн” хэмээн ярьцгаах аж. Мөн “Эмнэлгийн галч залуу буруу галлаж байгаад сүйд болгочихлоо. Тогоонд нь ус хийлгүй гал түлчихсэн гэсэн” гэх хүн ч олон байлаа. Архуст сумын дэлбэрэлт болсон газар буюу эмнэлэг дээр яваад очлоо. Сумын цагдаа нар хамгаалалтад гарсан байв. “Эмнэлгийн барилга нурах аюултай байна. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хүн оруулж болохгүй” гэж Ажлын хэсгийнхэн үүрэг даалгавар өгсөн гэнэ. Үүний дагуу цагдаа нар хамгаалалтад авчээ. Сумын иргэд эмнэлэг яаж дэлбэрснийг ойроос харах гэж ар араасаа цувж ирээд байгаа гэнэ. Бүр дунд сургуулийн сурагчид хүртэл хашаа давж харах гэж оролдсон байна. Иймд эмнэлгийн жижүүр болон цагдаа нар байнгын хамгаалалтад гарчээ. Нам даралтын зуух дэлбэрч, нурсан сумын эмнэлэг “Г” хэлбэртэйгээр баригдсан, нэг давхар цагаан байшин байв. Эмнэлгийн баруун талд дэлбэрэлт болжээ. Баруун хэсгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэд өртөж нурсан байлаа. Цонхны шил, хүрээ, болон тоосгонууд нь хол шидэгдэж, хана тааз, дээвэр бүхэлдээ дотогш нуржээ. Барилгын 24-ийн хана ширээний тавцан шиг том том хэмжээгээр нурсан байв. Эмнэлгийн баруун захын өрөөнд уурын зуух байрлаж байжээ. Хажууд нь архивын өрөө, халдварт өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг өрөө байсан юм байна. Тусгаарлах өрөөний хажууд насанд хүрсэн иргэд хэвтэж эмчлүүлдэг өрөө байрлаж байсан аж. Эмнэлгийн баруун талаас дотогш ордог бүргэд хаалга дэлбэрэлтээс үүдэн базсан цаас шиг хумигдаж, цэвэр усны худаг байрлах модон амбаарын ханыг цөм цохин оржээ. Даацын бетонон хана ч бутарч, нурсан байв. Нам даралтын зуух дэлбэрэх үед Ар хуст сумын айлуудад газар хөдөлж байгаа юм шиг доргилт мэдрэгдэж, байшингуудын цонх дуугарч, эд зүйлс унаж мэдрэгдсэн гэнэ. Мөн Архуст сумын нэгдүгээр баг буюу сумын төвөөс 12 километрийн цаана байх айлуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ бүгдээс харахад эмнэлгийн нам даралтын зуух ямар хүчтэй дэлбэрсэн нь тодорхой байгаа юм.

“ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ АСГАСАН УСАА АРЧИХ ГЭЭД ГАРСАН ХОЙГУУР ЗУУХ ДЭЛБЭРСЭН" ГЭЖЭЭ

Дэлбэрэлт болох үед юу болсон талаар тодруулахаар эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүстэй уулзсан юм. Энэ сарын 27-ны орой 20:50 цагийн орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг хүн өгч байлаа. Ажлын цаг дууссан учир эмнэлэг дээр ээлжийн ахлах сувилагч, жижүүр сувилагч, асрагч, галч нар байсан гэнэ. Галч Т.Алтанхуяг ослын талаар “Нам даралтын зуухандаа цагийн хуваарийн дагуу нүүрсээ хийгээд гарсан юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан. Цэвэр усны худгийн шалан дээр асгасан усаа арчих гээд гарсан. Усаа арчаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Гараад иртэл эмнэлгийн хана нурж, тоос шороо босчихсон байсан. Халдвартын өрөөнд байсан хүүг нурангинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд хажуудаа байсан хүнд өгсөн. Эргээд ээжийг нь гаргаж авах гэсэн боловч хэдийнэ дарагдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Харин талийгаач эмэгтэйн хажуугийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Т.Одгэрэл, Г.Нансалмаа, А.Батцэцэг нар дэлбэрэлтийн үеэр өрөөндөө байгаагүй аж. Хоёр нь ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзаж байжээ. Харин нэг нь сувилагчийн өрөөнд даралтаа үзүүлж байсан гэнэ. Дээрх гурван эмчлүүлэгч “Гэнэтхэн л их дуу чимээ гараад, шороо тоос манараад явчихсан. Эхлээд юу болж байгааг мэдээгүй. Их сандарч, айж балмагдсан. Хэрэв бид гурав өрөөндөө хэвтэж байсан бол дарагдаж амь насаа алдах байсан юм байна лээ. Азаар өрөөнөөсөө гарсан байсан болохоор амьд үлдсэн. Бидний хэвтэж байсан өрөөний баруун талын хана тэр чигтээ нурчихсан байсан” хэмээн ярилаа.

=“УЛСААС ӨГСӨН ТӨСӨВ МӨНГӨ ХҮРЭХГҮЙГЭЭС БОЛООД ЭМНЭЛЭГ ДОТРОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БАЙРШУУЛСАН"

Талийгаач эмэгтэй бүх биеэрээ нурангид дарагдаж газар дээрээ амьсгал хураажээ. Харин хүү нь толгойндоо гэмтэл авсан ч амьд гарч чадсан юм. Дэлбэрэлт болж, хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн даруйдаа сумын Засаг даргын Тамгын газрынхан Төв аймгийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна. Архустын залгаа Эрдэнэ сумын их эмч ирж, дэлбэрэлтэд өртсөн хүүд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Удалгүй аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмч нар ирсан байна. Хүүгийн биеийн байдал одоогоор хүндэвтэр байгаа гэсэн. Тархиндаа гэмтэл авсан учир ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ослын талаар Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгаравтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Манай эмнэлэгт үнэхээр харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Манай ээж хүнд өвчтэй, хорт хавдраа авахуулах гээд Энэтхэг рүү явсан юм. Аймгийнхаа Эрүүл мэндийн төвөөс зохих журмын дагуу чөлөө аваад ээжийгээ эмчлүүлэхээр явсан хойгуур ийм харамсалтай осол гарчихлаа. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн талаар одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Тиймээс энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин манай эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар галч залуу хуваарийн дагуу л галлагаа хийсэн гэсэн. Гэтэл зуух нь гэнэт дэлбэрчихсэн гэж ярьсан.

-Сумын эмнэлэгт их засвар хийгээд хэр хугацаа өнгөрсөн бэ. нам даралтын зуухаар халаалтаа шийдээд удаж байна уу?

-Эмнэлгийн барилга 1985 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш урсгал засвар бараг хийгдээгүй. Элэгдэлд ороод маш хэцүү байдалтайгаар олон жил болсон. Сумын удирдлагууд болон миний бие хөөцөлдөж байгаад 2014 онд урсгал засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж, улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулсан. Ингээд хоёр жилийн өмнө эмнэлэгт их засвар хийсэн юм. Тэр үед л нам даралтын зуухтай болсон. Нам даралтын зуух тавихаас өмнө эмнэлгийн өрөө болгон зуухтай, зуух болгоныг галч галладаг байсан. Засвар хийлгэх гэж байхдаа нам даралтын зуухийг эмнэлгээс тусад нь барилга бариад байршуулах талаар хөөцөлдсөн. Гэвч улсаас өгсөн мөнгө хаанаа ч хүрээгүй. Зураг төслийн дагуу нам даралтын зуухыг эмнэлгээс тусад нь гаргаж чадаагүй юм. Ингээд л арга буюу эмнэлгийнхээ баруун талын өрөөнд байршуулсан. Бид "Эмнэлэг дотор нам даралтын зуух байршуулах нь эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тусад нь барилга бариад өгөх боломж байна уу" гээд олон газраас асуусан. “Өвсний үндэс” төслийнхөнд хүртэл хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Бусад сумын албан газрууд нам даралтын зуухаа байгууллага дотроо байршуулчихсан байдаг. Энэ бүгдээс хараад аюулгүй байх гэж бодож байсан. Сумын эмнэлгийг өөд нь татах гэж олон жил баг хамт олноороо хөдөлмөрлөж, аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон хүртэл болсон. Гэтэл эмнэлэг дотроо тэсрэх бөмбөг байршуулчихаад сууж байжээ. Үнэхээр харамсалтай байна.

-Талийгаач эмэгтэйн хүүхэд улаанбурхан туссан байсан гэж байна лээ?

-Тийм ээ. Сумын эмнэлэгт "Хүүхдийн бие тааруу байна" гээд дуудлага өгсөн байсан. Эмч нар дуудлагаар очиж үзээд халдварт улаанбурхан өвчин туссан, уушги нь хатгаатай байна гээд сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байсан. Ар гэрийнхний зүгээс "Багануур дүүрэг орж эмнэлэгт хэвтмээр байна" гэсэн санал тавьсан байсан. Хууль журмынхаа дагуу халдварт өвчин туссан хүнийг шууд тусгаарлах өрөөнд хэвтүүлж эмчилгээ хийх ёстой. Өөр эмнэлэг рүү явуулдаггүй юм. Манай эмч нар хууль журмаа барьж ажилласан.

СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ЭМНЭЛГИЙГ ТҮР БАЙРШУУЛЖЭЭ

Харин Архуст сумын Тамгын газрын дарга А.Амарбаясгалан “Эмнэлэгт нам даралтын зуух дэлбэрсэн даруйд бид аймаг руу мэдэгдсэн. Аймгаас шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарсан байгаа. Юунаас болж нам даралтын зуух дэлбэрсэн гэдгийг удахгүй тогтоох байх. Хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас байнга уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн сумын бусад нам даралтын зуухны галч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бэлэн байдалтай ажиллуулж байгаа. Сумын эмнэлгийг сургуулийн дотуур байранд түр хугацаагаар шилжүүлээд байна” гэлээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эмнэлгийн барилгыг цаашид ашиглаж болох, эсвэл барилга бүхэлдээ нурах аюултай эсэхийг эцэслэн тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Талийгаач эмэгтэйн буяны ажил даваа гаригт буюу өнөөдөр болж байгаа.

 

АРХУСТЫН ЭМНЭЛГИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХ ДЭЛБЭРЧ, ХҮҮГЭЭ САХИЖ БАЙСАН ЭЭЖ АМИА АЛДЛАА
2016-05-09 09:10:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ