Робот
Зочид, тамирчдад туслах төрөл бүрийн роботууд томилогджээ. Мэдээж заримыг нь Ковид-19 халдвартай холбоотой нийгмийн зай барих шаардлагын дагуу ашиглаж байгаа юм.
Хүнтэй харилцах контактыг хязгаарлахын тулд шал угаах, хоол бэлтгэх, зөөх, тээвэрлэлт зэрэг ажил үүргийг робот гүйцэтгэж байна. Ухаалаг хогийн сав ашиглаж, өөртөө үйлчлэх уух зүйлсийн машин байршуулжээ.
Ухаалаг ор
Өвлийн олимпын хотхонд мэдрэгч суурилуулсан ухаалаг орон дээр тамирчид унтаж байна. Амьсгал, зүрхний хэм зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харуулдаг байна. Мөн "тэг таталцал" зэргээр хэрэглэгч өөрөө унтаж хэвтэх байрлалаа сонгох удирдлагатай гэнэ. Энэ тохиргоо нь булчин, үеэнд даралт өгөхөөс сэргийлэх, сайн унтаж амрах нөхцлийг бүрдүүлэх юм байна.
Эдгээр өндөр технологи бүхий орууд нь өнгөрсөн жилийн Токиогийн Олимпын үеэр тамирчдад гаргасан доогуур түвшний хувилбараас тэс өөр гэдгээрээ онцлог юм. Японд ашиглагдсан орнуудыг хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар картон цаасан материал ашиглаж хийсэн байжээ.
Бээжинд ажиллаж буй хэвлэл мэдээллийн багийнхан мөн тамирчдын ашиглаж буй "унтаж амрах тусгай кабин" орыг үзэж болно. Эдгээр кабиныг нэг удаа хэрэглэх бүрт байнга бүрэн цэвэрлэдэг байна.
Дижитал мөнгө
Хятадын дижитал мөнгийг Олимпын наадмын үеэр гадаадын иргэдэд туршилтаар ашиглаж байна. Зочид хоол хүнс, тээвэр, бусад бараа, үйлчилгээний төлбөрийг хийхдээ дижитал юан ашиглаж болно. Хэрэглэгчид тусгай аппликейшн татаж аван дижитал мөнгөтэй болж болно. Гэхдээ дижитал юаны карт авах эсвэл гадаадын валютыг Олимпын хотхонд байрлах машинуудаар дамжуулах дижитал хэлбэрт арилжих зэргээр ашиглах юм байна.
Сүүлийн хэдэн жилд Хятад Улс томоохон хотууддаа дижитал мөнгөний туршилт явуулжээ. Засгийн газрынхны мэдээллээр 13.8 тэрбум ам. доллар орчим гүйлгээ хийсэн байна.