Лхагва, 2025-09-03
Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү

Манай газар тариалангийн голлох бүс нутгууд ганд нэрвэгдэж болзошгүй нөхцөл байдалд байна. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар бороо хур бага орсноос үүдэж хөрсний чийг эрс буурчээ. Яг энэ хэвээрээ байвал намрын ургац маань эрсдэлд орно гэсэн үг. Яагаад ингэж шууд хэлж байна вэ гэхээр манай газар тариаланд усалгааны орчин үеийн технологи бараг нэвтрээгүй байгаа шүү дээ.

Сая ХХААХҮ-ийн сайдыг бүс нутгийн зарим хэсгээр ажиллахад тариаланчид нөгөө л байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулахад бэлэн биш байгаагаа ярьж байна билээ. Уг нь хэт халалт, хуурайшилт гэдэг энэ үзэгдэл бидний анх нүүр учирч байгаа цоо шинэ зүйл бишсэн. Жилийн жилд л техник технологийн хоцролт, ган гачиг, усалгааны систем ярьсаар хэдэн ч намартай золгов.

Уг нь бид хүнсний ногооны хувьд 100 хувь айлаас чирээд байхаа бас ч гэж больсон юмсан. Барьцаа ахиулаад улам цаашаа алхах гэхээр Төрийн зүгээс явуулж буй бодлогын ажлууд нь дорвитой биш, очих ёстой зээл нь ч буруу гараар явчихдаг зэрэг увайгүй байдлаас нь үүдсэн бэрхшээлүүд гүйх хөлийг нь ороогоод байгаа юм. Мэдээж байгалиас шалтгаалах зүйлсээс гадна шүү дээ.

Уулын оройд цастай, улсын толгойд бодолтой гэж хуучны хүмүүс хэлдэг. Зун дуусч намар боллоо. Зунжин наадамдаж, найрлаж, зуун жилдэж сайхан байлаа. Бидэн шиг жаргалд умбасан улс байсангүй. Одоо өвөлдөө бэлтгэх цаг айсуй. Тариагаа хураах, өвс тэжээлээ базаах, өвлийг давах түлш түлээгээ бэлтгэх гээд түмэн ажил эхэллээ.

Хотын амьдралын хувьд хүйтэн, утаа, түгжрэл гурав аанай л биднийг амдаад зогсож байна. Гэвч энэ гурвынхаа эсрэг бид зун юу хийж амжсан бэ. Түлшээ гаднаас авна. Мэдээж бид өөрсдөө хийж чадахгүй юм чинь өөр арга одоохондоо байхгүй. Ядаж хөрсөн дээрх энэ гашуун үнэнтэйгээ эвлэрч түлшээ татаж байгаа болов уу, үгүй болов уу гэх мэт амин зуулгын асуултууд зүй ёсоор тавигдаж эхэллээ.

Түгжрэл ч бидэнтэйгээ хамт л энэ өвлийг давах юм шиг байна. Уг нь сошиалын зүхэгчдийн эсэргүүцээд байгаа хурдны зам баригдчихвал арай нэг гайгүй болох тооцооллыг мэргэжилтнүүд хийгээд байгаа.

Цахилгаан дулааны үнэ маань яах бол. Бас л тэнгэрт хадах уу. Ингэхэд хадуулахгүйн тулд Засгийн газар маань юу хийсэн бэ. Шатахууны хомсдлоос ангид өвөлжиж чадах уу. Энэ талаар санаа чилээж байгаа хүн байна уу. Ийнхүү зунжин сануулсан асуултуудаа ахин тавья.

Төр засгийнхан нь бүгд л гоё дээл өмсөж, бүрх малгай духдуулан найрын хоймор заларч суудаг байдлаа одоо болих хэрэгтэй байна. Өнөөдөр бүх юм болж бүтэж байгаа юм шиг ийм гоёмсог царайтнуудад сонгогчид хууртахаа больсон шүү дээ. Эрхбиш үүнийг мэддэг болмоор юм. Одоо хүмүүсийн дийлэнх нь ийм юманд асар дургүй болсон. Ажил хийдэг хүнд, ажил хэрэгч намд хар аяндаа татагдаж эхэлсэн гэдгийг олж харахад нэг их олон диплом шаардагдахгүй шүү дээ. Ер нь бол ажил хийх дургуй, залхуу, амаараа хийрхэгч, хоосон чалчигч, бүхнийг гутаан доромжлогчид л ажил хийдэг, ажилсаг хүнийг үзэн яддаг гэдгийг бид сүүлийн үед цахимын дэлгээтэй амьдралаас бэлхнээ харж байна. Манай ажилгүйчүүдийн тоо буураагүйгээр барахгүй төрийн буруу бодлогын золиосоор ажилгүй хүмүүс бага багаар нэмэгдсээр л байна.

Дээрээс нь биднийг тэжээгч гол баялаг болох нүүрсний үнийн бууралт хэрхэх бол? Хэдийгээр зундаа үнэ нь унаж, намар өвлийн улиралд нэмэгддэг улирлын чанартай бүтээгдэхүүн ч гэлээ эрсдэл буйг эдийн засагчид сануулсаар байгаа.

Ямартаа ч бидний амьдралын гол түшиг тулгууруудын нэг “Эрдэнэс Таван толгой” ХК 2024 онд 4.3 их наяд, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг тараасан. Харин энэ жил нүүрсний үнийн уналтаас шалтгаалж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээхгүй болж мэдэх нь.

Учир нь тус компани 2023 оны дөрөвдүгээр сард сайн чанарын коксжсон нүүрсийг нэг тонныг нь 180 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70 гаруй ам.доллараар өмнөд хөршид борлуулдаг байсан бол энэ үнэ ханш эдүгээ 50 орчим хувиар унаад буй.

Энэ сарын эхээр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 багц буюу 64 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 35.70 ам. доллараар борлуулах хэлцэл хийж, БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан. Өмнөх 33.9 ам.доллараар борлуулж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт мэт ч ойрын хугацаанд өмнөх онуудын үеийн түвшинд очих төлөвгүй байна гэж шинжээчид үзэж байгаа. Коксжих нүүрсний тухайд мөн адилхан. Хэрэв ийм байдлаар нүүрсний үнэ өөдлөхгүй бол өнөө жил 1072 хувьцаанаас ногдол ашиг хүртэх эсэх асуудалтай. Учир нь, экспортолж буй нүүрс нэг тонн нь 60 ам.доллараас буувал эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид ил хэлж байна. Хэдийгээр Засгийн газрын зүгээс валютын нөөцөө бууруулахгүйн тулд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, борлуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагад үүрэг болгож байгаа ч энэ нь нэгэнт цуцаад зогсчихсон морийг хий ташуурдаж, толгой руу нь ороолгохоос ялгаа юун. Үнэндээ татварын орлогынхоо тодорхой хувийг нүүрснээс олох тооцоотой сууж байгаа улс шүү дээ, эд маань. Ийнхүү нүүрсний үнийн уналт асуудал болж эхлээд байна. Монголбанкнаас гаргасан тооцооллоор нүүрсний үнийн уналт энэ оноор ч зогсохгүй, 2026 онд ч үргэлжлэх төлөв бийг анхааруулж байгаа нь түгшүүрийн харанга нэгэнт дэлдэж эхэлснийг илтгэж байна. Бидэнд коксжих нүүрсээ нэг тонныг нь 240 ам.доллараар борлуулж байсан алтан үе байсан ч харамсалтай нь энэ үед “нүүрсний” гэх хулгай ид гаарсан байдаг. Чухам энэ хэрэгт тулж очсон зөрчилдөөн нь засгийн газраа огцруулсан гэж хэлж болно. Засгийн газрын аминд хүрсэн энэ нүүрс хэмээх хар алтнаас нийт монголчуудын амьдрал ахуй хамаардаг билээ. Тэгэхээр нэг Засгийн газар огцрох зэрэг жижиг асуудал. Гэхдээ нүүрсний хулгайн мөрөөр шинэ Засгийн газар мөшгих үү, үгүй юу гэдэг асуултыг иргэд тавьсаар л байгаа. Энэ бол монголчууд алдагдсан боломжийнхоо араас нэхдэг болсны илрэл юм.

Өнөөдөр монголд улс төр л идэвхжиж байна. Намууд хөдөлгөөнд орж, шууд утгаар дарагийн сонгуулиа ярьж эхэллээ. Ингээд харахад манай улс төр өөрөө нийгмийнхээ амьдралыг дөрөв дөрвөн жилийн циклээр эргэлдүүлдэг болгожээ. Энэ нь улс орныг үргэлжид улс төрөөр амьсгалуулж байх болж. Үүнээс нь болоод монголчууд таксинд ч, зах дээр ч улстөржиж л байдаг орон болон хувирсан байна. Уг нь өнөөдөр хэрхэн яаж өвөлжихөө ярьцгааж баймаар…Гэтэл бид намуудын дотоод асуудлаар л амьсгалж, мөн л хоорондоо улаантан цагаантан болцгоон “байлдаж” байна. Хэдийгээр тэдний цэгцрэл улс орны хэтэд чухал ч улс орноо улс төр гэх сэдвээр л угждаг баймааргүй байна.

Эргээд өвөлжилт рүүгээ оръё. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд хагас коксжсон түлш хэрэглүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирэх өвөл 306 мянган тонн хагас кокс, мидлинг шахмал түлшийг 40 мянган тонноор оруулж ирэхээр болж. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингийн мэдээлснээр нийтдээ 400 мянган тонн шахмал түлшийг энэ өвөл хэрэглэхээр тооцоолж. Дээрээс нь хийн зуух, гэр хорооллын айлуудад дулаалга хийх чип төсөл гэх мэт зүйс мэдээж яригдаж байна. Энэ бүхэн хэр нутагшихыг одоо хэн ч хэлж чадахгүй шүү дээ.

Тэгэхээр бүгдээрээ өвөлжилт сэдэв рүүгээ орцгоохгүй бол болохгүй нь. Намрыг найр цэнгээнд алдах эрх алга аа…

Эх сурвалж: Өдрийн сонин


Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү
2025-09-02 12:28:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0