Хаврын чуулган завсарлалаа, самбай сүүлийг нь дэрлэн Төрийн баяр наадам болж, их уухай дундуур гишүүдийн бараа сураг тасарснаар улс төрийн амьдрал нам жимхэн болдог жамтай. Ёстой л монголчууд улс төргүй мэт зуны сар, намрын эхэн сарыг дуустал наргиж цэнгэн өнгөрүүлдэг дадалтай улс. Түүнчлэн Улсын баяр наадмын шилийг дарж, аймаг сумдын болон бусад тэмдэглэлт ойн баярууд үргэлжилнэ. Сүүлдээ үргэлжилсэн их овоо тахилгын баяр болно. Адаг сүүлд нь сургуулийн ойн баяраар энэ зун намрын цэнгээний хаалтын ажиллагааг хийснээр түшээд маань Төрийн ордонд морилдог бичигдээгүй хуультай.
Тэгвэл энэ жил Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болов. Сонгуулийн тухай хуулиар бол “Нөхөн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт буюу намар аравдугаар сарын эхний долоо хоногт багтаан хийх” учиртай. Тэгэхээр энэ сард мэдээжийн хэрэг амжихгүй учраас ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт хийж таарах учраас энэ зун худал үнэн ярьсан гийчдийн хөлд их хааны өлгий нутаг дарагдах нь тодорхой болов. Анирхан сумын төв бараадсан тэтгэврийн хөгшидөд аятай юу.
Магадгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригтойгоор холбоотойгоор Д.Мурат гишүүний асуудлыг өнөөдөр намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээн авахгүй бол намын бүлгүүд ард түмний өмнө “гэмт хэрэгтэн”-ээ хаацайлсан гэх шошго зүүх учраас хүлээн авч таарна. Энэ асуудал хэлцэгдээд “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх үндэслэлээр шалгуулах Д.Муратын хэрэг хаашаа ч шийдээ билээ. Бидэнд мэдэгдэж байгаа үндэслэл энэ болохоос биш хохирогч А.Бахытгүлийн байр суурь өөр байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах явцад “бэлгийн дарамт”, “удаа дараагийн...” гэх мэт зүйл анги ч нэмэгдэх магадлал өндөр байгааг хохирогчийн байр суурь илэрхийлнэ. Ерөөсөө “хөнгөн гэмтэл учруулсан” гэх зүйл анги л Д.Муратыг түдгэлзүүлэх, эргүүлэн УИХ-д суулгахгүй байх хангалттай шалтгаан учраас Баян-Өлгий аймагт ч нөхөн сонгууль болох нь дамжиггүй.
Ингэхээр хоёр ч тойрогт нөхөн сонгууль болж, тойрог тус бүрт улстөрийн намууд уралдана гэхээр энэ зуны улс төр чамгүй сонирхолтой өрнөнө. Эх сурвалжуудын хэлж байгаагаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН, АН-аас төдийлөн шунахгүй байгааг дуулгасан. Учир нь аливаа эрх барьж байгаа намын нэр хүнд тийм ч сайн байдаггүй. Тэр тусмаа ийм дунд хугацааны үед бүр ч сайнгүй байдаг. Төрийн эрх барьж байгаад саяхан халаагаа өгсөн АН-ын нэр ч түмний дунд тийм таатай бус байна. Тэгэхээр дээрх хоёр намын аль аль нь Хэнтийд болох нөхөн сонгуульд улайрахгүй нь тодорхой болов.
Нөгөө талаас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох сургаар сонгогч олон болон улс төр ажиглагчид Н.Энхбаярыг уралдуулаад аль эрт гишүүн болгочихсон суугаа нь аль аль намын айдас болчихоод байна. Шуудхан хэлэхэд Н.Энхбаяраас айж байгаа учраас аль аль намын акулууд нэр дэвшин өрсөлдөхгүй гэдэгтэй мөрий тавьсан ч болно, азаа үзэхээр шийдэгчдийн хувьд бол очоод унаж болох талтай. Акулууд нэрээ хамгаалаад “буудна” гэсэн ч Хэнтийн тойрогт нэрээ дэвшүүлэхгүй. Тэгэхээр Н.Энхбаяраас өөр хэн ч энэ тойрогт явж очсон гишүүн болох туйлын боломжтой гэсэн үг. Үнэн хэрэгтээ гайгүй нэр цэвэр, зөв харагдах нөхөр хоёр намын дардасгүйгээр яваад очиход “муу муухайн жишиг” хэмээн цоллуулсан Н.Энхбаяр ч цаашаа л биз.
Алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн зургаадугаар тойрогт өрсөлдөх сонирхолтой нөхдүүд болон улстөрийн намууд байгаа гэх. Энэ тойрогт улстөрийн нөхцөл байдал өөр учраас улс төрийн намууд ихээхэн сонирхож байгааг эх сурвалж дуулгасан. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар Баян-Өлгий аймгийн тавдугаар тойрогт АН-аас өрсөлдөөд Х.Баделханд унасан Х.Ержан, МАН-аас Д.Мураттай зургаадугаар тойрогт өрсөлдөөд ялагдал хүлээсэн А.Тлейхан нарыг дэвшүүлэх өндөр магадлалтай аж. Гэхдээ МАН, АН-ын нэр дээрээс зодоглоод тэгтлээ хол харайхгүй нь лавтай.
Ямартай ч энэ зун амарч наргиж биш улс төрөөр халууран өнгөрүүлэх төлөвтэй. Нэг зүйлийг дурдахад, улс төр сонирхогч нэр цэвэр хэн ч өрсөлдсөн УИХ-ын гишүүн болох магадлал өндөр боломж нээгдэж байна гэсэн үг. Дээрх хоёр тойрогт МАН, АН-ын дардасгүйгээр явж очиход УИХ-ын суудал чирээд ирэхийг хэн байг гэх юм бэ. Нөхцөл байдал угаасаа ийм байна.
Хэнд ч УИХ-ын гишүүн болох боломж нээгдлээ шүү !!! |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24