Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн ч, өнөө хэр нь жигдрээгүй байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын систем хэзээ төгөлдөрших вэ. Уг нь худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ үнийн дүнгийн баримтыг үйлчлүүлэгч авах ёстой. Түүгээр ч зогсохгүй НӨАТ-ын баримт өгөөгүй бизнес эрхлэгчдээс баримтаа нэхэх бүрэн эрхтэй.
Гэвч өнөөдөр Улаанбаатарын томоохон зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгч хэвшилгүй өдийг хүрлээ. Хэдийгээр НӨАТ-ын гол агуулга нь улс татвараа бүрэн авдаг болох, эдийн засагт урсах мөнгө бүрийг бүртгэн далд эдийн засгийг илрүүлэхэд чиглэж байгааг албаныхан учирладаг. Гэвч бизнес эрхлэгчдийн зарим хэсэг нь баримт өгөхгүй байгаа нь НӨАТ-ын учир утгыг алдагдуулаад зогсохгүй худалдан авагчдыг хохироож байгаа юм.
Нэг үеэ бодвол иргэд бараа үйлчилгээ худалдан авахдаа баримтаа нэхдэг болжээ. Гэсэн хэдий ч үйлчилгээний зарим байгууллагууд НӨАТ-ын урамшууллын системд өнөөг хүртэл холбогдоогүй гэх шалтгаанаар иргэдийн амыг таглаж байна. Ялангуяа манай улсын хамгийн их хөл хөдөлгөөнтэй, худалдан авалт өндөртэй, үйлчлүүлэгч олонтой гэгддэг "Нарантуул" Олон Улсын худалдааны төв, "Sunday plaza", "Хар хорин" худалдааны төв гэх мэтчилэн цөөнгүй газруудын бизнес эрхлэгчид НӨАТ-ын баримтыг худалдан авагчдад гаргаж өгөхгүй байсаар байна. Жишээ нь, "Нарантуул" захад л гэхэд 10 мянган хүн өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран наймаа эрхэлж байна. Хөл эргэх зайгүй хүний хөлд дарагдсан тус захад хэчнээн зуун тэрбумаар мөнгө эргэлдэж байгааг хэлж мэдэхгүй нь. Учир нь тус захад бар кодтой баримт хэвлэж өгч байгаа ганц лангуу алга.
Тэдгээр лангууныхан “Манайх байгууллага биш хувь хүн. Иймээс НӨАТ төлдөггүй. Худалдан авалт хийсэн хүмүүс ч огт баримт асуудаггүй. Тэглээ ч баримтыг заавал тусгай машин авч байж хэвлэж өгөх юм гэсэн. Хувиараа наймаа хийж, хэдхэн төгрөгийн ашиг харж суугаа бид тэр үнэтэй төхөөрөмжийг авч чадахгүй" гэцгээх. Гэтэл захын нэг жижигхэн хүнсний дэлгүүрээс ганц талх авсан ч дагалдах баримтаа авч болоод байхад яагаад томоохон худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдээс авч болохгүй гэж. "Нарантуул" захаас хэдэн зуун мянгаас хэдэн сая төгрөгийн худалдан авалт хийгээд ч бар кодтой баримт өгөх худалдаа эрхлэгчид байхгүй байгаа нь бодит үнэн болоод байна. Хуулийн цоорхой гэдэг энэ үү. Хэдий болтол хууль хүн бүрт тэгш бусаар үйлчлэх ёстой юм бэ. Тиймээс татварынхан энэ асуудлыг эргэн харж, цэгцлэх цаг болжээ. Нэгэнт НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж байгаа юм бол иргэн бүрт, аж ахуй нэгж болгонд тэгш үйлчлэх хэрэгтэй биз ээ. Энэ мэт НӨАТ тойрсон төөрөгдлийг цэгцэлж, худалдан авагчид, худалдаа эрхлэгчдийн дунд үүсээд байгаа үл ойлголцлыг шийдээд өгөөч, татварынхаан.
НӨАТ тойрсон төөрөгдөл |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24