Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед эрүүл энх, баяр баясгалантай байхыг шүтэн бишрэгчдэдээ уриалсан байна.
Хөл бөмбөгийн 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийг ахлан ялалт байгуулсан Д.Марадона одоо тус улсын Гимнасиа Ла Плата клубийг дасгалжуулж байгаа юм.
“Бүх хүнд, ялангуяа аргентинчууддаа, Гимнасиагийн хөвгүүддээ Улаан өндөгний баярын мэнд хүргэе. Бидэнд тулгарсан энэ нөхцөл байдал тун удахгүй дуусна гэж найдаж байна. Гэртээ байж, биеэ сайн бодоорой” гэж Д.Марадона нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.
Аргентинд “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хөл бөмбөгийн бүх томоохон тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс хойш зогсоосон байна.
Өдгөө 59 настай, алдарт хөлбөмбөгчний Гимнасиа клубтэй байгуулсан гэрээ ирэх зургадугаар сард дуусах хэдий ч Д.Марадона болон клубийн аль аль нь уг гэрээг сунгах хүсэлтэй байгаагаа олон нийтэд мэдэгджээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Аргентинд коронавирусний халдварын 2200 гаруй тохиолдол бүртгэгдэж, 95 хүн нас барсан байна.
Д.Марадона эрүүл энх, баяр баясгалантай байхыг шүтэн бишрэгчдэдээ хүслээ |
|