Токиогийн Олимпын наадмыг хойшлуулсантай холбоотойгоор олон зуун сая ам.долларын нэмэлт зардал гарах төлөвтэй байна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Германы “Welt” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ,
Т.Бах Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан нь хэдий хэмжээний зардал учруулахыг тодорхой хэлэх “боломжгүй” байгааг тэмдэглээд, Токиод хэдийн асар их хэмжээний зардал учраад байна гэж хэлсэн байна.
ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Олимпын наадмыг зохион байгуулах хэлэлцээрийн дагуу Япон, ОУОХ шаардлагатай зардлуудыг үргэлжлүүлэн гаргах тохиролцоонд хүрсэн ажээ. “Бидний хувьд олон зуун сая ам.долларын зардал гарах нь тодорхой байна” гэж Т.Бах ярьжээ.
Мөн тэрбээр Олимпын наадмыг цуцлах саналыг хэлэлцээнд оролцогчдын аль аль нь дэвшүүлээгүй гэдгийг тодруулан хэлжээ. Абэ Шинзо коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахаар болсон талаар өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд олон нийтэд мэдэгдсэн билээ.
Токиогийн Олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэх юм.
Токиогийн Олимпыг хойшлуулснаас үүдэн их хэмжээний нэмэлт зардал гарах төлөвтэй байна |
|