Баяр наадам зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ жилийн баяр наадмаар улсын харцага цол авсан Б.Бат-Оршихоос хориотой бодисын жагсаалтад орсон S1,S4, S5 бүлгийн гурван бодис, улсын аварга Н.Батсууриас S4 бүлгийн нэг бодис, Улсын арслан Д.Пүрэвдагваас S1 болон s4 бүлгийн гурван төрлийн бодис илэрсэн.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос ажлын 10 хоногт багтааж хариуг тухайн бөхчүүдэд танилцуулсан. Ингээд мөн холбогдох журамд заасны дагуу тухайн бөхчүүдийн хариуг хүлээх ёстой. Тухайн бөх А сорьцоо хүлээн зөвшөөрч байна, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байна, Б сорьцод дахин хамрагдана гэж хариу өгдөг. Н.Батсуурь Бат-Орших нарын хувьд хариугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн хариугаа бичгээр өгсөн. Улсын арслан Р.Пүрэвдагва мөн Б сорьцоо өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд дүрэмдээ заасны дагуу бөхчүүд хариугаа хүлээн зөвшөөрсөн учраас мэдээлэл өгч зарлаж байна.
Одоо Монголын үндэсний бөхийн салбар хороо хуралдах ёстой. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй. Энэ салбар хороо сэргээш хэрэглэсэн, тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгох эсэх, цолыг хураах эсэх асуудал, унасан бөхчүүдийг давсанд тооцох, зохих цол чимгийг олгох зэрэг асуудлыг хурлаараа шийддэг. Энэ долоо хоног юм уу ирэх долоо хоногт хуралдаж санал гаргана.
Улмаар гаргасан саналуудаа Үндэсний баяр наадам зохион байгуулах хороонд буюу манайд ирүүлнэ. Манай хорооноос уг саналыг хурлаараа хэлэлцээд дүрэм журамд заасны дагуу Ерөнхийлөгчид уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэлээ.
Б.Баасандорж: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар сэргээшийн шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрчээ |
|