Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны нэгдүгээр сарын анхны харү башё өчигдөр өндөрлөлөө. Арлын улсад хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байгаа ч сүмогийн холбооноос башёгоо 5000 хүртэлх үзэгчтэйгээр зохион байгуулсан.
Тус холбооноос мэдэгдэхдээ “Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгаа учраас өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хүндрэл гарсангүй” гэжээ. 69 дэх их аварга Хакүхо, Чёошима тэргүүтэй таван дэвжээний 65 бөх коронавирусийн халдвараас шалтгаалан барилдаагүй бол 71 дэх аварга Какүрюү бэртэл нь эдгээрээгүй тул башёг өнжлөө. Үүнээс гадна башёгийн дундуур озэки Такакейшо тэмцээнээ орхисон.
Жонокүчи зиндаанд гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан хийж, түрүү бөхийг тодрууллаа. Тэдгээрийн нэг нь Араүма Төртогтох байв. Тэрбээр зургаан даваатай байсан бөгөөд нэмэлт барилдаанд нэг ялж, нэг ялагдсанаар түрүүлж чадсангүй. Нэмэлт барилдааны үр дүнгээр 25 дугаарт эрэмбэлэгдсэн Атамифүжи түрүүллээ. Үүнээс гадна макүшита зиндааны түрүү бөх нэмэлт барилдаанаар тодорсон. Уг зиндаанд найман ижил даваатай бөх байсны нэг нь Сакигакэ Баттүшиг байлаа. Түүний хувьд нэмэлтээр дөрөв барилдахдаа бүгдэд нь ялснаар макүшитад түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн онд зохион байгуулсан таван башёгийн ердөө нэгд нь л тавин хувийн амжилт үзүүлжээ. 2020 оны нэгдүгээр сарын башёд жюүрёогийн 14 дүгээрт эрэмбэтэй явсан бөгөөд өчигдөр түрүүлэхдээ макүшитагийн 19 дүгээрт жагсчээ. Оны сүүлчийн башёг ердөө ганцхан даваатай дуусгасан бол энэ удаа хүчний болон сэтгэлзүйн бэлтгэлээ сайн хийсний дүнд түрүүлж байна. Өдгөө 35 настай Сагикагэ 2003 онд мэргэжлийн сүмод хөл тавьснаас хойш 18 жилийн дараа анхны түрүүгээ авсан нь энэ. Хамгийн өндөр амжилт нь 2014 оны нэгдүгээр сарын башёд жюүрёогийн 10 дугаарт эрэмбэлэгдэж байлаа. Тэгвэл макүүчид барилдсан манай бөхчүүдээс Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 11 даваатай дуусгаснаар озэки цолны болзол сонсох нь ээ. Тэрбээр хаврын тэмцээнд есөөс дээш давбал озэки цол хүртэх юм. Мөн түүний хувьд гиношо буюу уран барилдааны шагналыг гурав дахь удаагаа гардлаа. Түүнчлэн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ахынх нь хүү болох Хоошёорюү Бямбасүрэн есөн даваатай харү башёг өндөрлүүлж, хаврын тэмцээнд чансаа ахих нь
тодорхой болж байна. Аваргууд барилдаагүй, дээрээс нь гол фаворит Такакейшо башёгоо дуусгаагүй энэ тэмцээнд маэгаширагийн тэргүүн бөх Дайешо 12 даваатайгаар анх удаа түрүүлж, эзэн хааны цом өргөлөө. Дайешо өөрийн мужаасаа төдийгүй дэвжээнээсээ анхны түрүү хүртсэн бөхөөр тодорлоо.
Макүүчи зиндаа
Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 11-4
Тамаваши Мөнх-Оргил 6-9
Кирибаяама Лхагвасүрэн 8-7
Ичиножёо Ичинноров 9-6
Хоошёорюү Бямбасүрэн 9-6
Жюүрёо зиндаа
Миторюү Төрболд 8-7
Азүмарюү Тодбилэг 7-8
Макүшита зиндаа
Дайшохо Шижирбаяр 4-3
Хокүтэнкай Сүхбат 3-3
Тамашохо Энхманлай 4-3
Сакигакэ Баттүшиг 6-1 (түрүүлэв)
Дэванорюү Тэмүүлэн 3-4
Дайтэнма Чинзориг 3-4
Рога Амарсанаа 3-4
Санданмэ зиндаа
Ёошояама Анхбаяр 5-2
Саданохикари Наранцогт 6-1
Жонокүчи зиндаа
Араүма Төртогтох 6-1
Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ уран барилдааны шагнал хүртэж, Сагикагэ Я.Баттүшиг макүшита зиндаанд түрүүллээ |
|