Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн харү башё дундаа орлоо. Сүмогийн найм дахь өдрийн барилдааны явц энэ башёг хэн өнгөлөхийг бараг л хэлчихдэг дээ. Энэ башё ч тийм л байна. Сүүлийн үед аварга цолтонгүй тэмцээн тун олшров. Ойрд аваргын бараа харсангүй гэж үзэгчид гомдоллох нь ч бий. Энэ удаагийн тэмцээн гэхэд анх банцүкег үзэхүл хоёр аварга барилдахаар харагдсан. Гэтэл яг тэмцээн эхлэх өдөр Какирюү М.Ананд бэлтгэл дээр бэртлээ сэдрээсэн учир гээд алга.
Хакүхо М.Даваажаргал башёг чимээд гарч ирдэг юм. Гэтэл тэр тэмцээний эхний хоёр өдөр давмаг болоод бас л гэмтэл гээд дэвжээг орхив. Тэгээд л толгойлдог нь гурван озекитойгоор тэмцээн үргэлжилсэн юм. Байдаггүй дээ. Озеки нар ойчоод эхлэв. Тэмцээний эхэнд л ояката Китаноүми хэлэхдээ:
-Энэ тэмцээнд озеки цолтон түрүүлэхгүй ээ гэж байсан.
Нээрээ л одоо харахад озеки нараас түрүүлэх хүн алга. Найман өдрийн дараа сүүлийн тэмцээнүүдэд түрүүлэх бөхийн тоонд багтдаг байсан Шёодай дөрөв, Осанояма гурав, цолоо хамгаалах барилдаан хийж байгаа Такикейшёо мөн л дөрөв уначихсан явна. Тэмцээний найм дахь өдрийн оргил барилдаан секиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, комүсүби Такиясү нарын тулаан байлаа. Өмнөх гурван барилдаанд Такиясү дийлчихсэн. Тэрүнофүжид хамгийн хэцүү өрсөлдөгч нь гэдэг. Тэр нь ч үнэн бололтой. Золгоон дээр л Такиясү хоёр гараар дотуур барьц аваад өрсөлдөгчөө ямар ч мэх хийх бололцоо олгосонгүй дэвжээнээс гаргачихав даа. Тэрүнофүжи ийнхүү Такиясүд унаад л дуусах юм байна гэж мэдрэв бололтой. Хамгийн гол нь Тэрүнофүжи гэдэг хүний толгой зарим үед муу ажилладаг дэвж давхиад л барьц алдчихдаг нь алдаа юм.
-Хар бяраар сайн барилддаггүй юм. Толгой ажиллаж байж гэмээ нь амжилтанд хүрнэ гэж манай их аварга Ж.Мөнхбат хэлдэг байсан даа. Үнэн л хэрэг.
Ингээд зургаан даваатай тэмцээн тэргүүлж явсан секиваке, комүсүби хоёр байр нь хэвээр ч Такиясү долоон даваа нэг унаатай ганцаараа тэргүүлж эхэллээ. Харин түүнд унасан Тэрүнофүжи, Чиёнокүни нар зургаан даваатай араас нь нэхэж явна. Гуравдугаар эгнээнд яваа гэх таван даваатнууд найм дахь өдрөө бараг бүгд уналаа. Миёогирюү, Таканошёо, Хүктофүжи гээд л. Ухарлаа. Цөөвтөр даваад байгаа ч давааныхаа чанараар сайн яваа бөхчүүд бас байна аа. Вакатагаки гэдэг залуу хоёр озекиг хаясан бол тэмцээний долоо дахь өдөр ганцхан унаатай явсан Миёогирюүг илүүрхэж давсан. Мөн Месси тун чанга барилдаж озеки Такикейшёо, Шёодай нарыг өвдөглүүлэв. Дээд зиндаанд барилдаж байгаа монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноров, Чиёошомо Мөнхсайхан, Тамаваши Мөнх-Оргил нар тав, Хоошёорюү Бямбасүрэн дөрөв, Кирибияма Лхагвасүрэн гурван даваатай явна. Тамаваши, Хоошёорюү нар хэмжээндээ, Ичиножёо учраа олохгүй янзтай нь хэвээр Кирибиямагийн хувьд орон гаран байдалтай л барилдаж байх шиг. Харү башёг бүхэлд нь авч үзвэл озеки нарт халтай, за даа тэр л сайн байна түрүүлж магадгүй гэхийг хэлэхийн янзгүй байна. Тэрүнофүжи энэ башёд ес давахад л озеки цолыг авна. Чадах ч байх. Гэхдээ энэ тааж мэдэхээргүйн дундаас цойлоод түрүүлээд цолоо буцааж авах юм бол бүр нэр төрийн хэрэг болноо доо. Эцэст нь хэлэхэд сүмог үздэг монголчуудын тоо өслөө. Тэгэхээс ч яахав. Өөр үзэх спортын уралдаан тэмцээн тэр дотор бөхийн барилдаан допингтойгоо хамт унтарсан юм чинь. МҮБХ-ноос харцагуудын халз барилдаан хийнэ гэж нэг хэсэг рекламдсан яг болохоор нь нуувчинд оруулчихсан. Ёстой л "шилний цаанаас чихэр долоолгов" гээч юм болов. Тэгээд л сүмогоо үзэж байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Такиясү ганцаараа тэргүүлж явна |
|