Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн дуусаад Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэгвэл чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн -59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр илүүрхсэн бөгөөд орой 20:00 цагаас шигшээ барилдаанд хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай дахин барилдана.
-55 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Дөлгөөн хоёрдугаар тойргийн барилдаанд эзэн орны Айша Уалишаныг цэвэр дарав. Түүний жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байгаа бөгөөд М.Дөлгөөн орой 20:00 цагт БНСУ-ын Ким Хьон Жотой сүүлийн тойргийн барилдаанаа хийх бөгөөд ялбал алтан медалийн болзол хангана.
-68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялснаар шигшээд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманакзароватай хүч үзнэ. Ийнхүү өнөөдөр барилдсан Монголын таван бөхөөс гурав нь шигшээд шалгарч, Н.Анударь, Н.Загардулам нар хэсгээсээ шалгарч чадалгүй үзэгчдийн суудалд шилжсэн байна.
Гурван бөх алтан медалийн төлөө барилдана |
|