ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотод эхэлсэн билээ.
31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор өнөөдөр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны Анжелика Витошкинаг, Б.Шоовдор Казахстаны Мадине Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр дагаж барилдана.
Ц.Намуунцэцэг, Б.Шоовдор нар өнөөдөр алтан медалийн төлөө хүч үзнэ |
|