Баасан, 2024-11-22
Э.Оюунболд допингийн шинжилгээнд дахин бүдэрсэн гэв үү?

Өнгөрсөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Дээрх шинжилгээний хариу ирж нэг бөхөөс допинг хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Өнөөдөр (өчигдөр) манайд бөхчүүдийн хариу ирсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Журмаараа бид тухайн бөхөд хариуг танилцуулна. Өнөөдөр тухайн бөхөд хариуг танилцуулах ажил хийгдэж байгаа. Тэр бөх Б сорьцын шинжилгээ өгөх, эс өгөх асуудлаа 14 хоногийн дотор буюу энэ сарын 18-ны дотор Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдэнэ. Тэр болтол МҮБХ тухайн бөхийн нэрийг зарлах нь хуулиар хориотой” гэх мэдээлэл

хэлж байна. Улсын арслан Э.Оюунболд допингийн шинжилгээнд дахин бүдэрсэн талаар бөхчүүд болон зарим хэвлэлд онцолжээ.

Түүний тухайд өвдөгний бэртэлтэй барилдаж байсан бөгөөд хагалгаанд орох заалттай байсныг нь багш нар нь баталж байгаа юм. Тухайн бэртэлдээ ч эмчилгээ хийлгэж байсныг хамт бэлтгэл хийдэг бөхчүүд нь хэлж байна. Үүсээд буй асуудлын талаар Э.Оюунболдоос тодруулахаар холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин түүний ээж А.Адъяасүрэнтэй холбогдоход “Би юу ярих вэ. Хэлэх зүйл надад алга” гэв.

Э.Оюунболд арслан өвдөгний гэмтэлтэй барилдаж байсан бөгөөд түүндээ эмчилгээ хийлгэх явцдаа алдаа гаргаж допингийн шинжилгээнд бүдэрсэн бололтой.

Тэрбээр 2019 онд наадамд түрүүлсэн даруйдаа допингийн шинжилгээнд бүдэрч улмаар улсын аварга цолоо хураалгаж байв. Түүнчлэн 2021 онд дахин бүдэрч барилдах эрхээ найман жилээр хасуулсан байдаг. Гэсэн ч хуулийн байгууллагад хандаж барилдах эрх нь сэргээд байсан юм. Энэ талаараа Э.Оюунболд байр сууриа илэрхийлэхдээ “Баяр наадам зохион байгуулах комиссоос шинжилгээний хариуг биетээр надад өгч байгаагүй. Чиний шинжилгээ эерэг гарсан гээд л шууд эрх хасдаг. Энэ бол хүний эрхэд халдаж байгаа ноцтой үйлдэл юм шүү. Шинжилгээний хариутайгаа биеэр танилцаж байж хариуцлагын асуудал яригдах ёстой биз дээ. Ер нь энэ шинжилгээ авч байгаа үйл явцыг сэтгүүлчид ухвал

асуудлууд гарч ирнэ” гэж байв. Э.Оюунболд арслангийн тухайд энэ улиралд Шинэ үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлээд байсан юм. Хэрэв Э.Оюунболд энэ удаа шинжилгээнд бүдэрсэн нь батлагдвал Допингийн эсрэг үндэсний дүрмийн хүрээнд барилдах эрхээ бүх насаараа хасуулна. Өөрөөр хэлбэл, бөхийн зодог шуудаг дахиж өмсөхгүй гэсэн үг юм.


Э.Оюунболд допингийн шинжилгээнд дахин бүдэрсэн гэв үү?
2023-04-07 09:55:27
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0