Ням, 2024-11-24
П.Сайнзориг: "Б" сорьцын хариу албан ёсоор ирсний дараа мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авна

Улсын арслан М.Бадарч өчигдөр цахим хаягтаа допингийн шинжилгээний хариутай холбоотой тайлбараа бичсэн. Ингэхдээ "Наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсаж байна" гэсэн байв. Үүний дараа Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн хариу тайлбар гаргажээ. Тэрбээр "Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно. Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан. Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна.  “Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна. Цаашид наадмын бөхийн барилдаанд шөвгөрч цол хүртсэн бөхөд батламж олгож, допингийн шинжилгээний хариу ирсний дараа цол олгуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилдаг байх шаардлагатай болов уу даа" гэжээ.  П.Сайнзориг: "Б" сорьцын хариу албан ёсоор ирсний дараа мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авна
2023-09-09 12:49:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0