Ням, 2024-05-05
М.Бадарчийн В сорьцын хариу нь допинг хэрэглэсэн гэж гарчээ

Энэ жилийн улсын наадмын түрүү бөх М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл бөх сонирхдог олон хүний анхаарлыг татаж буй. Цахим хуудаст түүний В сорьцын хариуг өнгөрсөн долоо хоногт гарсан гэх мэдээлэл гарсан. Холбогдох албаныхан энэ мэдээллийг үгүйсгэсэн төдийгүй Улсын арслан М.Бадарч ч өөрөө хариу ирсэн даруйд мэдээлэл өгнө гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдөр /2023.09.25/ М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан байна. М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд одоогоор тов гараагүй байгаа юм. Улсын арслан М.Бадарч өмнө нь /2023.09.07/ өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн. Мэдэгдэлд "Миний хувьд энэ жилийн наадамд дөрвөөс дээш давсан 32 бөхийн нэг болж долдугаар сарын 12-ны орой Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд долдугаар сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд долдугаар сарын 12-ноос хойш дөрөв хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна. Гэтэл наймдугаар сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг олон улсын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна" гэсэн юм.

М.Бадарчийн В сорьцын хариу нь допинг хэрэглэсэн гэж гарчээ
2023-09-25 14:31:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ