Лхагва, 2024-12-04
"Өвгөн хуурч" орчин цагт хип хопоор үлгэрээ ярина

Өсвөр үеийн залууст чиглэсэн сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг соронзон мэт татаж чадсан "Хандгай комикс" дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний мөүшн комик /motion comic/ буюу  комикс дээр суурилсан, нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж, үзэгчдэдээ хүргэхээр өнөөдрөөс цогц төслөө эхлүүлж байна.  "Хандгай" дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино нь 80 минутын өргөн дэлгэцийн кино байх болно.

Төслийн зорилго нь хүүхэд, залууст Монголын  уламжлалт  соёлыг орчин үеийн соёлтой нэгтгэн харуулах, өвөрмөц онцлог шингээсэн Хандгай дүрээр дамжуулан залууст итгэл найдвар, урам зориг өгөхөд оршино. Монголд залууст зориулсан үндэсний комикс, анимэйшн дүр дээр суурилсан  цуврал бүтээл ховорхон өнөөгийн нөхцөлд Хандгай дүр нь цуврал комикс, хүүхэлдэйн кино, дүр дээр суурилсан цогц контент болон хөгжиж, амжилттай үргэлжилж, залуусын хүсэл хэрэгцээг хангасан контент болж байна. Мөн энэхүү төсөл нь төрөл бүрийн контент, эвент, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ хэлбэрээр өргөжүүлж, монголын мэргэжлийн шилдэг кино, анимэйшн уран бүтээлчид, хувцас загвар зохион бүтээгчид, дуучид, хөгжмийн продюсер, маркетерууд оролцсон цогц төсөл  болж байна.

    “Хандгай” төслийн зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн "Хандгай нь комикс цуврал. 2018 оноос эхлээд гурван жилийн хугацаанд комисс цуврал маань интернэт орчинд явагдсан. Одоо энэ контентоо шинэ түвшинд авч ирэхийн тулд шинэхэн контентоо танилцуулах гэж байна. Энэ удаад бид Хандгайгаа үзэгчидтэй motion comic кино буюу хөдөлгөөнт комик кино төслөөр уулзуулна. Энэ нь анимейшны нэг төрөл. Шинэ контент маань ойролцоогоор 80 минутын бүрэн хэмжээний анимейшн. Үлгэр ярьдаг "Өвгөн хуурч" монгол ард түмний дүр бий. Тэгэхээр Өвгөн хуурч орчин үед байсан бол үлгэрээ хэрхэн ярих байсан бэ гэдэгт тулгуурна. 

Өвгөн хуурч маань реппер болчихсон хип хоп дуугаар үлгэрээ ярих болно. Энэ контент маань ганц киногоор хязгаарлахгүй. Энэ гол дүрд "Rokit bay" ажиллана. "Rokit bay" мөн Хандгайгийн гол дүрд дуу оруулна" гэлээ. 

“Эконтэ” компанийн Ерөнхий продюсер Э.Тамир "Эконтэ компани нь Бумбардай, Хандгай гэх үндэсний комиксыг хөгжүүлдэг. Анх 2016 оноос “Хандгай” төслийн зохиогч С.Жамбалцэрэнтэйгээ хамтран ажиллаж эхэлсэн. Манай компанийн зүгээс Монголынхоо үндэсний контентыг хөгжүүлэх чиглэлд дэмжин ажиллах болно. Ингээд 2019 оноос эхлээд BRB" компанитай хамтраад “XMF” хөгжмийн наадамд хамтран ажилласан нь энэ бүхнийг хийх эхлэл болсон. Манай төсөл дээр маш олон уран бүтээлчид ажиллаж байна. Бид зохиол дээрээ 2 гаруй жилийн хугацаанд ажиллаж, судалдсан" гэлээ. 

    Төслийн зөвлөхөөр ажиллаж буй сэтгүүлч Г.Бадамсамбуу "Хандгай нь 130 гаруй төрлийн комикс төсөл юм. Одоо суурь тулгуур бүтээлээ хийж байгаа нь motion comic юм. Энэ кино нь шинэ төрлийн бүтээгдэхүүн, залуучуудын шинэ өнгө төрхийг тодорхойлох юм. Бид өнгөрсөн хугацаанд гадны контентыг харж үзэж, ирсэн. Үндэсний өөрсдийн бүтээгдэхүүн бараг байхгүй. Тиймээс өөрийн бие даасан өнгө аястай, бусдаас юугаараа ч дутахгүй гэдгээ харуулах ёстой. Монгол хүүхдүүд монголынхоо өв соёл, монгол зүйлээрээ бахархах ёстой" гэлээ. 

Дашрамд дуулгахад, “Өвгөн Хуурч” нэртэй бүрэн хэмжээний мөүшн комик кино 2021 оны төгсгөлд үзэгчдийн хүртээл болох бөгөөд төслийн багийнхан киног дагалдах дэд төслүүдээс бүтсэн цогц төсөл хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.


"Өвгөн хуурч" орчин цагт хип хопоор үлгэрээ ярина
2020-11-05 15:10:08
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ