Хятадын хар баасан гараг гэгддэг арваннэгдүгээр сарын 11-ний их хямдрал өнөөдөр шөнө дунд эхэлнэ.
Энэ хямдралын үеэр Хятадын Алибаба, Жиндон, Пиндудо тэргүүтэй цахим худалдааны компаниуд өнөөдөр шөно буюу арваннэгдүгээр сарын 11-ний 00:00 цагаас эхлэн 12-ны 00:00 цаг хүртэл 24 цагийн турш хямдрал зарлах юм.
Ард иргэдийн гол анхаарал анх арваннэгдүгээр сарын 11-ний хямдралыг нээсэн Хятадын хамгийн том худалдааны байгууллага Алибаба дээр төвлөрч байгаа аж. Хямдралыг угтан хийсэн мэдээлэлдээ Алибаба энэ жилийн хямдралаар 800 сая орчим хүн T Mall, Taobao, Kaora, Hermashian сайтуудаар дамжуулан бараа худалдан авахаар зэхэж байна хэмээн мэдэгджээ.
Алибабагийн мэдээлснээр улсын гадна болон дотоодод байгаа нийт 250 мянган бренд тус хямралд оролцох бөгөөд зөвхөн энэ жилийн шинэ бүтээгдэхүүн гэхэд л хоёр сая орчим байгаа аж.
Арваннэгдүгээр сарын 11-ний хямдралаар маш олон төрлийн бараа хямдардаг билээ. Харин энэ жилийн хувьд хямдралд үл хөдлөх хөрөнгийн салбарынхан шинээр орж ирэн 800 мянган байшинг үндсэн үнээс нь дээд тал нь нэг сая юаниар хямдруулан зарахаар төлөвлөж буй гэнэ.
Мөн Алибабагийн мэдээлсэнчлэн энэ жилийн хямдралд Chanel, Dior зэрэг дээд зэрэглэлийн брендүүд дээр нэмэгдэн Prada, Cartier, Piaget, Balenciaga брендүүд шинээр нэмэгдэн нийт 200 дээд зэрэглэлийн бренд оролцохоор болсон байна. Мөн зарим дэлгүүрүүд энэ жилийн хямдралын хугацааг сунгаж гурван өдрийн турш хямдрал зарлахаар төлөвлөжээ.
Арваннэгдүгээр сарын 11-ний хямдрал анх ганц биечүүдийн өдөр хэмээх нэртэйгээр зөвхөн Алибабад зарлагддаг байсан аж. Гэвч жил ирэх тусам гадаад, дотоодын олон худалдааны байгууллагууд нэгдсэнээр өдгөө ийнхүү цар хүрээгээ төлсөн байна. Өнгөрсөн жилийн хувьд Алибаба арваннэгдүгээр сарын 11-ний хямдралаас нийт 268.4 тэрбум юаний ашиг олж байжээ. Харин энэ жил худалдан авах хүсэл, сонирхолтой хүмүүсийн тоо улам нэмэгдсэн аж.
Эх сурвалж: News.mn
Хятадад ганц биечүүдийн өдрийн хямдрал эхэлнэ |
|