Америкийн кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг 23.6 сая орчим хүн үзсэн нь уг үзүүлэлтийг тооцоолж эхэлснээс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.
Оскарын наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн орой болсон юм. "Nielsen" судалгааны байгууллага Оскарын наадмыг үзэгчдийн тоон үзүүлэлийг 1974 оноос хойш олон нийтэд танилцуулсан байна.
“ABC” сувгаар 3 цаг 30 минутын турш шууд дамжуулан үзүүлсэн “Оскар-2020” наадмын шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 хувиар буурчээ. 2019 оны Оскарын наадмыг 29.56 сая хүн үзэж байжээ.
Хэдийгээр үзэгчдийнх нь тоо буурсан боловч Оскарын наадам хамгийн олон үзэгчтэй телевизийн хөтөлбөр хэвээр байгаа юм. Ташрамд дурдахад, зургаан жилийн өмнөх шагнал гардуулах ёслолыг 40 гаруй сая хүн үзсэн байна.
Сүүлийн жилүүдэд зөвхөн Оскар төдийгүй Грэмми, Эмми наадмын шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоо ч мөн буурсан дүн үзүүлжээ.
Оскарын наадмыг үзэгчдийн тоо буурчээ |
|