ЭМЯ-наас өдөр бүр хийдэг мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийв. Тэрбээр "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох "Оюутолгой"-д тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1, нийт 8 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлд гарсан шинжилгээний хариу юм.
Ингээд хамгийн ойрын хавьтлын 215 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үндсэндээ бид 415 хүний тусгаарлалтад авч, ажиглаж байгаа. Үүнд манай салбар хоорондын уялдаа холбоо маш сайн байж, ойрын хавьтлыг маш богино хугацаанд тодруулж, ажиглалтад оруулсан юм.
Гуравдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Тэр хүнээс вирус илрээгүй. Гуравдугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт 13, ХӨСҮТ-д хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна.
Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас шинжилгээний сорьц авах төлөвлөгөөтэй байсан. 54 хүний сорьц ирсэн. Батлагдсан тохиолдол шинж тэмдэг илэрснээс хойш хамгийн их халдвар дамжуулах магадлал өндөр байдаг. Хэрвээ халдвар дамжсан бол өвчтөний биед вирус идэвхжиж байх магадлалтай байдаг. Тиймээс 54 хүнээс дахин шинжилгээ авахаар сорьц ирсэн. Нийт тусгаарлагдсан 400 гаруй хүнээс шинж тэмдэг илрэх магадлалтай учраас байнга хянах ёстой. Вирус илэрсэн Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа гэж эмчилж байгаа эмч нь хэлсэн" хэмээлээ.
Д.Нямхүү: Франц иргэнтэй ойрын хавьталд орсон 215 хүнээс коронавирус илрээгүй |
|