Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирээд байна. Энэ нь манай улсад тархахгүй гэсэн баталгаа биш. Учир нь дэлхийн 194 улсад коронавирусийн халдвар тархаад байна. Энэ цаг үед манай улсад хандив өргөсөн АНУ-д талархаж байна" гэв.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ амны хаалт сайн хэрэглэх хэрэгтэй. Коронавирусийн халдвараас сэргийлэхэд албан газар, хувь хүний хичээл зүтгэл маш чухал байна.
Шүүх хурлыг онлайнаар явах асуудлыг зохицуулж өгөөч гэсэн гомдол маш ирж байгаа. Учир нь шүүх танхимд олон хүн бөөгнөрч байна гэсэн мэдээлэл манай утсаар ирсээр байна. Халдварын оргил үе нь дараа сард дэгдэж магадгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Тиймээс иргэд яамнаас өгч байгаа зөвлөгөөгөө сайн дагах хэрэгтэй" гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "АНУ-д коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн нэг өдрийн хугацаанд 100 гаруй хүн нас барж, халдварын тоо 43 мянгад хүрсэн байна. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан олон муж улсын захирагч нар иргэдээ гэрээсээ гарахыг нь хориглосон, хөл хорио тогтоох шийдвэрүүдийг гаргаж байна. Дэлхийн бусад улс орны адил АНУ-д хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсч байна. Үүнтэй холбогдуулж, хувийн хамгаалах хэрэгслийг нөөцлөхийг хориглох шийдвэрт Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зуржээ. Өнгөрсөн долоо хоногоос харин даавуун маск оёж хэрэглэхийг зөвшөөрч, хэрэглэж эхэлсэн байна. Шинэ Зеланд энэ пүрэв гаригаас эхлэн улсын хэмжээнд хөл хорио тогтоохоор болсон. Дэлхийн бүх улс оронд хурал цуглааныг онлайнаар хийхийг анхааруулж сануулсаар байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлагдах байранд байна. Мөн 297 эмч, сувилагч яг тусгаарлагдах байруудад байгаа иргэдэд үйлчилж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг та бүхэндээ мэдээлсэн. Одоо 200 гаруй хүний шинжилгээ хийгдэнэ. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан хяналтад байна.
Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор ирсэн гурван иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлаад байна" гэв.
ХӨСҮТ: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа |
|