ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201 орон бүс нутагт халдвар бүртгэгдсэн байна. Ангела гэх аралд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар халдварын хоёр дахь давалгаанд залуу насны хүмүүс буюу 10-45 насныхан их өртөж байгааг анхаарууллаа. БНХАУ-д халдвар зөөвөрлөгдөж орж байгаа тул энэ сарын 28-ны 00.00 цагаас бүх нислэгээ цуцалж, агаарын болон хилээ хаах арга хэмжээг авч байгаа юм байна. Нидерланд улсын нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн судлаачид коронавирусийн халдварыг цэвэрлэх байгууламжаас илрүүлсэн байна. Тэгэхээр энэхүү халдвар нь агаар дуслаас гадна өтгөн, шингэнээр тархах магадлал өндөр байгааг анхааруулж байна.
Дэлхийн улс орнуудад цар тахал идэвхжиж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас бүх албан газарт хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хоёр метрийн зайнаас харьцах, бэлэн мөнгөнөөс татгалзах, гараас гарт дамжиж үйлчлэх зэрэг уриалга хүргүүлсээр байна. Албан байгууллагууд дэмжиж байгаад талархаж байна.
АНУ өвчлөлийн тоогоороо БНХАУ-д урд гарсан. Гэхдээ эрдэмтэд АНУ-д халдварын оргил үе тохиох болоогүй байна гэж хэлсэн. Мөн АНУ-ын Харвардын эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнд энэ вирус нь бидэнтэй хамгийн багадаа 16-18 сар хамт байна. Тиймээс иргэд тайвширч, тархалт буурч байна гэж бодож болохгүй гэсэн судалгааг гаргажээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2216 иргэн тусгаарлах байранд байна. "Баянбуурал"-ын амралтад 149 иргэн тусгаарлагдаад байна. Тус иргэд нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Өчигдөр УОК-ын шийдвэрээр тусгаарлах хугацааг 21 хоногоор сунгаж, нэг иргэнийг нэг өрөөнд байрлуулах шийдвэр гарсан. Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд тухайн улсдаа заавал коронавирусийн халдварын шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Онгоцонд сууж байгаа бүх иргэд амны хаалттай, нэг удаагийн бээлийтэй байх ёстой. Иргэд хоорондоо харьцахгүй байх нь чухал. Мөн иргэдийн халууныг онгоцонд хоёр цаг тутамд нэг удаа үзнэ. Тусгай үүргийн онгоцонд явах эмч, оношлуурын бэлэн байдлыг хангаад ажиллаж байна.
Коронавирусийн халдвар Монгол Улсад тархах магадлал маш өндөр байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан.
Өчигдөр нэг УИХ-ын гишүүн ЭМЯ-наас 300 гаруй тэрбум төгрөг коронавирусийн урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан гэж мэдээлсэн. Улмаар энэхүү мэдээллээ ташаа болохыг мэдэж, мэдээллээ устгасан. ЭМЯ зарцуулж байгаа зардлаа нээлттэй ил тод зарлаж байгаа" гэв.
ЭМЯ: АНУ-ын эрдэмтэд коронавирусийн халдвар 16-18 сар буурахгүй гэсэн судалгааг гаргасан |
|