Ням, 2024-11-24
ЭМЯ: Хүний өтгөнөөр бохирдсон ус халдвар их тарааж байгаа тул ариутгал хийж, усаа татаж хэвших хэрэгтэй

  Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн 204 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Арлын хоёр оронд шинээр бүртгэгдсэн. Өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Испани, Франц зэрэг орон дээгүүр бүртгэгдэж байна. Иргэд коронавирусийн халдвараас гадна дархлаажуулалтад их анхаарах хэрэгтэйг онцолж байна. Дэлхий маш эмзэг байна. 
 
Коронавирусийн халдвар дуслын замаар их халдаж байна. Жишээ нь, ханиаж, найтаахад халдаж байна. Тиймээс амны хаалтаа ягштал зүүж хэвших хэрэгтэй. Европууд одоо амны хаалтаа хэрэглэж хэвшиж байна. Сүүлийн үед 0-15 насны хүүхдүүд өвдөх явдал маш их ихэсч байна. Хэдийгээр хүүхдүүд хөнгөн тусч байгаа ч халдвар тараагч болж байна. Өтгөн мөрийн замаар халдвар тархах асуудал ихэсч байна. Өвчтөний өтгөнөөс 21 хоногийн дараа вирус гарсан байна. 
 
Хүний өтгөнөөр бохирдсон ус халдвар их тарааж байгаа тул иргэд жорлонгийн усаа татаж, гараа сайн угаах хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлт маш сайн хийхгүй бол ил задгай жорлон халдвар тараах магадлал өндөр. 
 
Дэлхий дахинд амны хаалтаа зүүх, бие биентэйгээ хоёр метрийн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох гэсэн дөрвөн чиглэлийг баримтлан коронавирусийн халдварын эсрэг тэмцэж байна" гэсэн юм. 
 
ДЭМБ "Дэлхийн улс орны 20 хувьд нь импортлогдож, 80 хувь нь голомтлон тархаж байна. Эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болж байна. Улс орнуудын эдийн засаг хүндэрч байна. Эрүүл мэндийн байгууллага хүчин мөхөсдөх байдал бий болоод байна" гэв. 
 
 Гадаад хамтын ажиллагааны газрын дарга н.Янжмаа "Италид сүүлийн өдрүүдэд халдварын тархалт саарч байна. Учир нь хөл хорионы хатуу арга хэмжээний авсны үр дүн гарлаа. БНСУ-ын Сөүл хотод халдвар авагчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь голомт болоод байсан Тэгү хотыг давах магадлалтай байна. Халдварын голомт БНСУ-д бүрэн намжаагүй тул цахим сургалтыг дөрөвдүгээр сарын 9-нөөс үргэлжлүүлнэ" гэлээ. 
 
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн ажиглаж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй байна.
 
Иргэдээс гомдол, санал хүсэлт их ирж байна. Гомдлын агуулгыг үзвэл, өрөө жижигхэн байна. Өрөөнд дасгал хийх боломжгүй байна. Хоол амтгүй байна. Нохойны хоол өгөөд байна. Би цэргийн госпитал, ХӨСҮТ-д хэвтмээргүй байна. Эх нялхас, Өргөө амаржихад хэвтмээр байна гэж байна. Эмчийн өөдөөс талх шидэж байна. Мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Ийм байдал гаргамааргүй байна. Энэ бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд авираа татах хэрэгтэй байна.
 
Иргэдээ тусгай үүргийн онгоцоор авдаг улс маш цөөхөн. Таван одтой зочид буудалд байрлуулж байгаа улс ч байхгүй. Хэн нэгнийг уйлж дууллаа гээд тусгаарлах хугацааг дуусгачихдаг юм биш. Энэ бол иргэн таны үүрэг. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд ч үүнийг анхаарч, онгоцонд суухаасаа өмнө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрвээ шийдээд ирж байгаа бол үүргээ ухамсарлаж асуудал гаргахгүй байх хэрэгтэй" гэсэн юм. 
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Мөн тандалт хийх зорилгоор уушигны хатгалгаатай иргэдээс шинжилгээ авахад 12 хүний сорьцод коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тандалт, хяналт шинжилгээ хийлгэж байна. Халдвартай монгол иргэд болон Франц иргэнд зориулж монголчууд захиа бичиж байна. Бие биенийгээ муулалгүй, намайг муулаач ээ гэж коронавирус хэлж байна" гэв. 

ЭМЯ: Хүний өтгөнөөр бохирдсон ус халдвар их тарааж байгаа тул ариутгал хийж, усаа татаж хэвших хэрэгтэй
2020-03-31 11:43:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0