Баасан, 2024-11-22
ХӨСҮТ: "Амар" зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар ИЛЭРЛЭЭ

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 2 сая гаруй иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. АНУ, Турк, Итали, Испани, Их Британид голомтлон тархаж байгаа хэвээрээ байна. ОХУ-д тархалт өндөр байна. Сүүлийн үед 18-45 насныхан маш их өвчилж байна. Мөн гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Учир нь гэрийн дэглэмээ сайн сахиагүйн улмаас өвчин нь хүндрээд дахин хэвтэж байгаа гэнэ. Мөн бага насны 6 хүүхэд өвчилсөн байна. 
 
Манай улсын хувьд ажиглалтад 1669 хүн байна. Тусгаарлах ажиглах байранд 33 жирэмсэн эмэгтэй, 30 хүүхэд байна. Ажиглалтад байгаа хүмүүсээс 15 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 119 дугаарын утсанд 198 дуудлага ирсэн. Ихэнх нь иргэд амны хаалтгүй явж байна. Үүнийг шаардаж өгөөч гэсэн байна. Тиймээс иргэдийг амны хаалтаа зүүж хэвшихийг анхааруулж байна" гэв. 
 
 
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: "Энэ сарын 16-нд буюу өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хяналт тандалтаар ажиллаад ирсэн эмч, мэргэжилтнүүд, жолооч, тандалтын шугамаар хийсэн 25 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ байна. Үүнд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний шинжилгээний 10 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин 1 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол боллоо. ХӨСҮТ-д нийт 245 хүн тандалтад байна. “Сонгдо” эмнэлгийн хоёр тохиолдолд эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг биет илрээгүй. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвдөөгүй гэсэн үг. Эдгэж гарсан таван хүнд мөн эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Эдгээд гарсан өвчтөнүүддээ дахин шинжилгээ хийхэд эсрэг биет илэрсэн. Тиймээс шинэ вирусийн эсрэг бүгдийг нь тэмдэглэж, үргэлжлэн хянаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж байна.
 
Эсрэг бие гэдэг бол хүний биед гаднын биет буюу вирус орж ирэхэд хүний дархлалын систем тэмцдэг арми ажиллаж эхэлж байна гэсэн үг. Энэ бол дархлалын систем. Энэ дотор өвөрмөц бие буюу эсрэг бие гэж үүсдэг. Жишээлбэл, “COVID-19” гэж вирус хүний бие рүү ороход эхлээд танихгүй боловч хүний биед орж ирэхэд түүний эсрэг тэмцэж чаддаг эсрэг бие гэж байдаг. Тэр нь хүний биед үүсдэг. Энэ бол хүний дархлалын систем ямар хүчтэй, зохион байгуулалттай ажилладгийн нэг жишээ бол энэ. Энэ эсрэг бие үүссэн байгаа нь тухай хүн энэ вирусээр өвдсөн гэдэг тамга тавиад үлдээж байгаа гэсэн үг. Таван хүнийг эдгээд, вирусийг нь арилгачихлаа. Эсрэг биет бол вирус бус вирустэй тэмцдэг хүний дархлалын нэг арми гэсэн үг. Эсрэг биет илэрсэн бол энэ өвчнөөр дахиж өвддөггүй. Гэхдээ шинэ вирус учраас дэлхий дахинд судалж байна. Энэ эсрэг биеийг бид хянаж, судлах ёстой. Манайхаас эдгээд гарсан таван хүний цусанд эсрэг бие байна” гэлээ.

ХӨСҮТ: "Амар" зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирусийн халдвар ИЛЭРЛЭЭ
2020-04-16 11:35:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ