ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 213 оронд өвчлөл бүртгэгдээд байгаа. АНУ, Испани, Итали, Турк, Иран, Франц, Их Британид тархалт өндөр хэвээр байна.
ОХУ-ын бүх мужид өвчлөл бүртгэгдлээ. Тиймээс "Ялалт"-ын баярыг хойшлуулаад, 2020 оныг "Дэлхийн ахмад дайчдыг хүндэтгэх жил" болгон зарласан байна. Сингапур улс сүүлийн 24 цагийн дотор 728 тохиолдол бүртгэгдсэн. Нэгдүгээр сард өвчлөлийг барьж чадаж байсан ч дөрөвдүгээр сараас хяналтаа алдах шинжтэй байна. Харвардын эрдэмтдийн судалгаагаар, вакцин гартал иргэд 4 метрийн зай барихыг 2022 он хүртэл хэрэгжүүлэх хэрэгтэй.
ДЭМБ-аас хөл хориог цуцлахдаа үе шаттай цуцлахгүй бол тархалт газар авч, хоёр гурав дахь давалгааг явуулах эрсдэлтэй" гэв.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 372 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор 15 хүний шинжилгээ багтсан. Мөн Сэлбэ, Ивээлэн, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль сувилалд ажиглалтад байсан 164 хүний ажиглалтын хугацаа дуусч, хоёр удаагийн шинжилгээ нь сөрөг тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 243 хүн ХӨСҮТ-д хяналтад байна. Эрээнээс Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн. Үүнээс нэг хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласан. Шинжилгээ нь ХӨСҮТ рүү ирж байгаа. Бусад хүмүүсийг ажиглалтад оруулсан" гэв.
ХӨСҮТ: Эрээнээс ирсэн 58 иргэний нэг иргэнээс сэжигтэй тохиолдол илэрлээ |
|