Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.22/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг яг одоо хийж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд нэвтэрсэн иргэнээс буюу олон улсын тээврийн үйлчилгээнд явж байсан жолоочоос авсан шинжилгээний хариу эерэг гарч, халдварын тоо 34 болсныг ЭМЯ өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл түүнтэй хамт Алтанбулаг боомтоор орж ирсэн эхнэрийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ.
Халдвартай нь тогтоогдсон эхнэр, нөхөр хоёрыг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээ хийж байна.
Эдгээр иргэд нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот руу тээвэрт явсан ба дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсад ирсэн өгүүлэмжтэй байгаа. Тэднийг ирсэн даруйд Сэлэнгэ аймагт "Сэлэнгэ" зочид буудалд ганцаарчлан тусгаарлаад байсан юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын тээврийн үйлчилгээнд явж байсан 79 жолоочийг тусгаарласан ба тэдний нэг нь буюу коронавирус илэрсэн жолоочтой ойрын хавьтал болох нэг жолооч Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байна. Бусад жолооч нарыг Улаанбаатар хот руу авчирч, тусгаарлажээ. Жолооч нарт үйлчилсэн байцаагч, гаалийн ажилтан, ачигч гэсэн 49 хүнийг Улаанбаатар, Замын -Үүд, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлан шалгаж байна. Гэхдээ энэ хүмүүс бүгд хамгаалалтын хувцастай байсан тул халдвар авсан байх эрсдэл бага гэнэ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр бид хоёр лабароторид 330 шинжилгээ хийсэн. Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 281 хүний хариу сөрөг гарсан. Мөн тандалтын шугамаар хийсэн 25 хүний хариу мөн сөрөг гарсан. Харин өчигдөр илэрсэн тохиолдлын ойрын хавьтлын 24 хүнийг шинжлэхэд 23 нь сөрөг, нэг хүнээс эерэг буюу вирус илэрсэн. Энэ бол жолоочийн эхнэр юм. Ийнхүү нийт халдварын тоо 35 боллоо" гэж мэдэгдлээ.
Коронавирус илэрсэн тээврийн жолоочийн эхнэрийн хариу ЭЕРЭГ гарчээ |
|